Нийгэм

Олон нийтийн сүлжээнд маск,  гар ариутгагч худалдана гэж бусдыг залилах, мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өслөө гэж хуурамч мэдээлэл түгээж зохиомол хомсдол үүсгэх тохиолдол гарч байна. Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад энэ төрлийн 25 дуудлага мэдээлэл иржээ. Энэ дагуу мөрдөн шалгах ажиллагаа зохион байгуулж байна.

Монгол улсын иргэн Д 1-р сарын 31-нд Амны хаалт их  хэмжээгээр нийлүүлнэ гэж иргэн Б-д санал болгож 8 сая 400 мянган төгрөгийг шилжүүлэн авч залилжээ. Мөн “Онлайн шоп”-оор маск худалдана гэсэн зарын дагуу иргэн Г,М нар нь ХБНГУ руу 117 сая төгрөгийн урьдчилгаа шилжүүлж залилуулсан байна. Энэ бол гар ариутгагч, амны хаалт зарна гэх нэрийн дор иргэдийг залилан, мэхэлж байгаа тохиолдлуудын  нэг юм.

АМНЫ ХААЛТ ХУДАЛДАНА ГЭЖ ИРГЭДИЙГ ЗАЛИЛАХ ТОХИОЛДОЛ ЦАХИМ ОРЧИНД ИХ ГАРЧ БАЙНА

Мөн “Ковид-19”-тэй тэмцэж байгаа төрийн байгууллага, алба хаагчдын нэрийг барьж хуурамч хаяг нээх, хүнд өвчтэй хүмүүсийн нэрийг ашиглан хандив цуглуулж залилах тохиолдол ч гарч байна. Тиймээс иргэд мэдээллээ нягталж, өөрийгөө болон бусдыг эрдслээс урьдчилан сэргийлэх хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Үүнээс гадна ДЭМБ-аас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгч байгаа мэтээр цахим холбоосуудыг олон нийтийн сүлжээнд байршуулж хэрэглэгчийн нэр, нууц үгийг авч банкны шилжүүлэг хийж байна. Энэ байдал манай улсаар хязгаарлагдахгүй, хил дамнан үйлдэгдэж байгаа учраас хуурамч мэдээлэлд итгэхгүй байхыг анхаарууллаа.