Борис Жонсон локдауны үеэр үдэшлэгт оролцсоныхоо төлөө хүлцэл эрлээ

Улс төр

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон улс оронд нь цар тахлын халдвартай холбоотой хөл хорио, локдаун зарлагдсан үед журмыг зөрчин үдэшлэгт оролцсоныхоо төлөө ард иргэдээсээ албан ёсоор хүлцэл эрсэн байна. Тэрээр локдауны хатуу дэглэм мөрдөгдөж байх үед өөрийн албан өргөө болох Даунинг Стритын цэцэрлэгт хүрээлэнд болсон нэгэн үдэшлэгт оролцсон болох нь ил болсны дараа ихээхэн хэл аманд өртсөн юм. 

Британийн засгийн газрын тэргүүний мэдэгдсэнээр тэрээр 2020 оны 5-р сарын 20-нд, улс оронд нь цар тахалтай холбоотой хөл хорионы журам ид мөрдөгдөж байх үед Даунинг стритэд болсон арга хэмжээнд уригдахдаа үүнийг ажил хэрэгч уулзалт гэж төсөөлөн очсон гэжээ. Тэрээр тэрхүү арга хэмжээнд очихдоо ажилтнууддаа талархал илэрхийлэн, улмаар 25 минутын дараа ажлын өрөөндөө эргэн ирсэн, тэнд чухам ямар арга хэмжээ болсныг сайн мэдээгүй гэсэн тайлбар өгчээ.

Борис Жонсон энэ талаар сайд  нарын танхимын тусгай хуралдаан дээр мэдэгдэн, өөрийн үйлдлийн төлөө харамсч байгаагаа илэрхийлэн, иргэдээ хүлцэл эржээ.