Женев хотноо ОХУ-АНУ-ын хамтарсан дээд уулзалт ажлаа эхэллээ

Улс төр

Швейцарын Женев хотноо ОХУ-АНУ-ын хамтарсан дээд уулзалт ажлаа эхэлжээ. 

ОХУ-АНУ-ын дээд уулзалтад оролцохоор ням гарагийн орой Женев хотноо албаны төлөөлөгчид хуран цуглажээ. Уулзалтад хоёр талаас Орос, Америкийн гадаад хэргийн сайд нарын орлогчид болох Сергей Рябков болон Венди Шерман нар тэргүүлэн оролцож байгаа юм. 

Женевийн Орос-Америкийн уулзалтын гол сэдэв нь аюулгүй байдлын асуудал байгаа юм. Оросын тал өнгөрсөн оны сүүлээр Барууны орнуудаас НАТО-г дорно зүгт тэлэх бодлогоосоо татгалзах амлалт өгөхийг шаардсан бол Америкийн тал Оросыг Украины газар нутаг руу халдан довтлохгүй, бүс нутгийн хямралыг гааруулахгүй байх амлалт өгөхийг хүсч байгаа юм. Оросын тал НАТО-г дорно зүгт, тодруулбал хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнууд руу чиглүүлэн тэлэхгүй, өргөжүүлэхгүй байхыг хүсч байгаа юм. Ажиглагчдын үзэж байгаагаар Оросын тал Умард Атлантын цэргийн эвслийг Балтийн орнууд руу тэлэхийг үгүйсгээгүй ч Гүрж, Украин зэрэг орнууд руу тэлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг дээр хатуухан зогсч байгааг тэмдэглэж байна. Тэгвэл Барууны улс орнууд Оросын талыг Украины зүүн бүсийн нутаг, Донбассын хямралаар далимдуулан Украины бүс нутаг руу халдан довтолж, дайн тулаан өдүүлж болзошгүйд буруутган болгоомжилж байгаа юм. НАТО, Москвагийн зүгээс тавьж байгаа шаардлагад шууд татгаллзсан хариу өгч, Умард Атлантын цэргийн эвсэл эгнээндээ улс орнуудыг нэгтгэх эсэх асуудлыг бие даан шийдвэрлэх болно, үүнд гуравдагч улс орнуудын улс төрийн мэдэгдэл байр суурь нөлөөлөх учиргүй гэжээ. Гэсэн хэдий ч Женевт ажлаа эхэлсэн Орос-Америкийн уулзалт нь Орос-НАТО, Орос-Украины харилцааг цаашид хэрхэх талаарх чухал яриа хэлэлцээрүүдийн эхлэл болж байна.