Казахстан Улсад үүссэн үймээн, самуунд манай улсын иргэд өртөөгүй 

Нийгэм

Казахстан Улс шингэрүүлсэн хийн үнээ нэмсний улмаас иргэд нь гудамж талбайдаа гарч жагсаал цуглаан эхэлсэн. Засгийн газраа огцруулсан ч жагсаал цуглаан намжилгүй төрийн томоохон байгууллагууд, оффис, нисэх онгоцны буудал зэрэг улсын онцгой объектууд жагсагчдад эзлэгдээд байгаа юм. Энэ үйл явдлын талаар Казахстан Улсын эрх баригчид мэдээлэл хийхдээ, эртнээс төлөвлөсөн гадны террорист бүлэглэл зохион байгуулж байгааг онцолжээ. Энэ улсад Монголын дөрвөн мянга гаруй иргэн байна. Одоогоор манай улсын нэг ч иргэн халдлагад өртөөгүй, хохирсон гэх мэдээлэл ирээгүй байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Бүгд Найрамдах Казахстан Улсад иргэд шингэрүүлсэн хийн түлшний үнийг эсэргүүцэн жагссан ч жагсаал хяналтаас гарч эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжлэн тэмцлээ үргэлжүүлж байна. Жагсаал Казахстаны   Нур-Султан,   Алматы   Актау, Жанаозен, Атырау, Кызылорда, Исатая, Махамбета, Таразе, Шымкенте, Кокшетау болон   бусад   хотуудад гарсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхийлөгч К.Ж.Токаев 1 дүгээр сарын 4-ний өдөр Мангистау муж болон Алматы хотод, 5-ны өдрийн 16.00 цагт Нурсултан хотод онц байдал зарлаад байгаа юм.  1 дүгээр сарын 5-ны өдөр тус улс интернэт сүлжээг хязгаарлаж  Facebook, Viber, WhatsApp,  Instagram  зэрэг нийгмийн сүлжээг хааж,  сургууль,  цэцэрлэгийн үйл ажиллагааг  зогсоосон байсан бол өнөөдөр өглөө интернэт сүлжээг  сэргээж эхэлжээ. Казахстан улсад эмх замбраагүй байдал үүсээд байгаа ч тэнд ажиллаж амьдардаг манай улсын иргэд аюулгүй байгааг ГХЯ-наас мэдэгдлээ. 

Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн яамнаас мөн мэдэгдэл гаргаж, гадаад иргэд, бизнес эрхлэгчдэдэээ ямар нэгэн хохирол учруулахгүй, аливаа эрсдлээс гадаад иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаална гэдгээ мэдэгджээ. Нийгмийн байдал тогтворгүй, иргэд нь бухимдалтай, үймээн самуун үүссэн байгаа энэ үед тус улсад ажиллаж амьдарч буй иргэдийг олон нийтийн газраар зорчихгүй байхыг зөвлөжээ. 

ГХЯ-ны   зүгээс   үйл   явдлын   явцыг   үргэлжлүүлэн   анхааралтай   ажиглаж байгаа гэдгийг хэлж байна. Үүссэн   нөхцөл   байдалтай   холбоотой яаралтай   туслалцаа,   зөвлөгөө   авах   бол   Нур   Султан   дахь   ЭСЯ-ны +77172266773, +77055840628, +77051395535 болон   Консулын   газрын   83042222 дугаарын шуурхай утсаар холбогдохыг зөвлөж байна.