Таван толгой түлшний үйлдвэрт гал гарсан ч нийлүүлэлтэд саад учрахгүй 

Нийгэм

Өнөөдөр өглөө нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх Таван толгойн түлш компанийн байранд гал гарлаа. Шахсан түлшээ хатаах гурван шугам цехийн нэг нь бүхэлдээ шатсан байна. Галын улмаас хүндээр гэмтэж бэртсэн ажилтан байхгүй. Галыг нийслэлийн дөрвөн анги хамтран бүхэлд нь унтраажээ. Хатаах цех шатсан ч үйлдвэрлэлд доголдол үүсэхгүй, түлшээ хэвийн нийлүүлнэ гэдгийг үйлдвэрлийн удирдлагууд хэлж байна.

Өнөөдөр өглөө 4 цагийн орчимд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт гал гарлаа. Гал үйлдвэрийн цехийн хатаалгын шугаманд гарсан байна. Галыг богино хугацаанд унтрааж, үйлдвэрлэлийн бусад хэсэгт тархахаас урьдчилан сэргийлжээ. Мэргэжлийн байгууллага гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна.

Үйлдвэрийн удирдлагуудын хэлж байгаагаар, үйлдвэрлэлийн технологийн горимоос шалтгаалж гал гарсан гэж үзэж байна. Хэн нэгний буруутай үйл ажиллагаа байхгүй гэдгийг мэдэгдлээ. 

Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн явцад ямар нэгэн саатал үүсээгүйг хэлж байна.

Мөн зүүн бүсийн үйлдвэрт нэмэлтээр хоёр шугам ажиллаж эхлэх учраас түлшний нийлүүлэлт тасалдахгүй гэдгийг мэдэгдлээ. 

ШУУД ҮЗЭХ