Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст салхитай, жавартай хүйтэн байна

Цаг агаар

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст салхитай, жавартай хүйтэн байна.

2021 оны 12 сарын 18-ны 20 цагаас 12 сарын 19-ний 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 25-30 градус, Увс нуурын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 21-26 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 15-20 градус, Увс нуурын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө,  Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

2021 оны 12 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

20-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 21-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 22-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 20, 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.