Улаанбаатар хот соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажиллана

Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Дэлхий нийтээр соёлын өвд чухал ач холбогдол өгч, өөрийн улсын онцлогт тохирсон урлагийн үнэт бүтээлүүдийг гаргаж, түүгээрээ улс орноо сурталчлах, нөлөөлөл бий болгох ажлуудыг хийж байна.

Энэ цаг үед Соёлын яамны гол түшиц газар бол нийслэл Улаанбаатар хот гэж боддог. Нийслэл хот бол хүн амын 50 хувь, эдийн засгийн 67 хувийг бүрдүүлдэг. Мөн нийслэлд 150 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг, нийгэм, эдийн засгийн цогцолбор төв юм. Тийм учраас Улаанбаатар хот соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр Соёлын яамтай  холбоотой ажиллах ёстой. Ингэж байж яамны бодлого хоттой нийлж 21 аймагт хүрч, цаашлаад улс даяар хүрэх болно.

Нийслэлд Соёл, урлагийн газар гэж байгаа. Мөн  Монголчуудын өв соёлыг тээж, үндэсний үйлдвэрлэлийг бий болгодог гар урлал гэх мэт ажлын байр нэмэгдүүлсэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид бий. Тэдгээрийн борлуулалт болон түгээлтийг дэмжих, зах зээлд борлуулах платформуудыг анхаардаггүй сул тал байсан. Бид энэ чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгаа. Өнөөдөр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, тэр дундаа соёлын өвийг хадгалсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй 670 мянган иргэн ажиллаж байна. Энэ бол ажлын байрыг хадгалж байгаа маш том тоо. Түүнчлэн Улаанбаатар хотод түүхэн дурсгалт 70 гаруй объект байна. Тэдгээрийг сэргээн засварлаж, түүгээр дамжуулж жуулчдыг нэмэгдүүлэх үе шаттай бодлого бүхий хөшүүрэг, алхмуудыг хийх ёстой” хэмээн онцлов.