Нийгэм

Жил бүр аймгуудын өрсөлдөх чадварыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялгийн иж бүрэн санаачилга хөтөлбөр болон Азийн сан хамтран тодорхойлдог. 2019 онд зарим аймгийн өрсөлдөх чадвар өссөн бол авлига хээл хахууль, аж үйлдвэрийн борлуулалт зэргээс үүдэн буурсан байна. 

Аж үйлдвэрийн салбарын борлуулалт, шатахууны үнийн өсөлт, төр хувийн хэвшлийн түншлэл муудсан, тендер авлига хээл хахууль нэмэгдснээс шалтгаалан өрсөлдөж чадвар буурсан аймагт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ аймаг багтаж байна. Тухайлбал, Төв аймагт эдийн засаг, засаглал, дэд бүтэц илүү буурсан, дулаан халаалтын үнэ нэмэгдсэн, эдийн засгийн төрөлжилт муудсан нь хойш ухрахад нөлөөлсөн байна. Харин Сэлэнгэ аймагт эдийн засаг, бизнесийн үр ашиг муудсан. Барилгын ажил буурсан, амьдралын чанар муудсан зэрэг бусад олон шалтгаан нөлөөлж өрсөлдөх чадварыг өмнөх жилийн байрнаас нь хойш татжээ. 

2019 онд хийсэн судалгааны үр дүнд Орхон аймаг тэргүүлсэн хэвээр байгаа бол удаах байруудад Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймгууд оржээ. Харин сүүлийн байруудад Говь-Алтай, Архангай, Булган аймгууд эрэмбэлэгдсэн байна. Өрсөлдөх чадвар өөрчлөлттэй гарахад төсвийн зарцуулалтыг хэр үр өгөөжтэй хийсэн нь голлон нөлөөлдөг байна. Манай улсын хувьд 2019 онд Хэнтий аймагт хамгийн өндөр төсөв ногдсон байхад Дундговь аймагт хамгийн бага төсөв хуваарилагдсан байжээ.