Хүүхдийн тархи хөдөлгөөн хийх тусам илүү хөгждөг байна

Нийгэм

Хүүхдийн тархины хөгжил 3-5 насанд нь хамгийн эрчимтэй явагдаж үүнээс хойш удааширч эхэлдэг байна. Энэ үед нь хүүхдийн тархийг хамгийн их хөгжүүлэх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Гэвч сүүлийн үед техник технологи эрчимтэй хөгжиж хүүхдүүд гар утас, зурагт, таблеттай ихээхэн нөхөрлөх болсон. Тэгвэл энэ нь хүүхдийн сэтгэн бодох, сонсох чадварыг дэмжих ч хөдөлгөөний дутагдалтай болгох сөрөг талтайг судлаач хэлж байна.

Орчин үеийн хүүхдүүд багаасаа цахим орчин, техник технологитой танилцах болсон. Ингэхдээ мэдээллийг ямар нэгэн шүүлтүүргүй хүлээж авахаас гадна урт хугацаанд утас, таблетаар оролдох тохиолдол гардаг. Тэгвэл энэ нь тархины хөгжлийг дэмжих ч хөдөлгөөний дутмагшилд оруулах, дөрвөн мөчний хөгжлийг сааруулах сөрөг талтай нь судалгаагаар тогтоогджээ. 

Хүүхэд дөнгөж төрөхөд тархиных нь жин 370 грамм байдаг бол насанд хүрэхэд нь 1350 грамм болдог байна. Хүүхэд аливаа зүйлийг сурна гэдэг нь мэдрэлийн эсүүд хооронд холбоос үүсэх процессыг хэлдэг байна. Тэр холбоосууд тархинд шинэ дурсамж, шинэ дадал зуршил үүсгэдэг. Энэ процесс 3-5 насанд хамгийн эрчимтэй явагддаг гэдгийг судлаач хэлж байна. Харин таван наснаас хойш эд эсийнх нь холбоосын хэмжээ 50 хувиар буурдаг гэлээ. Ингэснээр хамгийн их давтагддаг, үйлдэгддэг мэдрэлийн эсүүд нь идэвхтэй үлддэг байна.

Хүүхэд хөдөлгөөн хийх тусам тархи нь улам хөгждөг байна.  Гэхдээ хамгийн чухал нь эерэг, хөдөлгөөнийг нь дэмждэг орчинд тархи илүү хөгждөг гэдгийг онцоллоо. Учир нь ийм орчинд хүүхдийн сурах процесс илүү сайн явагддаг байна.