ОХУ шатахуун нийлүүлэх боломжгүй гэсэн бол БНХАУ-аас тээвэрлэлт хийхэд хүндрэл үүсчээ

Нийгэм

Улсын хэмжээнд сарын 38-40 мянган тонн бензин хэрэглэдэгээс 95 хувь нь ОХУ-аас импортоор ирдэг бол үлдсэн хувь нь БНХАУ-аас орж ирдэг байна.

ОХУ-ын Роснефт компани сар бүр хамгийн багадаа 28 мянган тонн АИ-92 шатахуун гэрээгээр нийлүүлэх ёстой ч өнгөрсөн сараас эхлэн нийлүүлж чадахгүй гэдгээ мэдэгджээ.

Учир нь үйлдвэрлэгч компани засвар хийж байгаатай холбоотой шатахуун нийлүүлэх боломжгүй гэсэн байгаа юм. 

9-р сард тус газраас 17 мянган тонныг нийлүүлэх байсан ч 7 мянган тонныг  л нийлүүлсэн байна.

Харин БНХАУ-ын Чайна-Ойл компанитай дотоодын таван импортлогч гэрээ хийсэн ч тээвэрлэлтийн асуудал удааширчээ. Уг нь бол сар гаран хэрэглэх шатахууны мөнгийг шилжүүлж гэрээлээд байсан ч тээврийн асуудалд бага зэрэг хүндрэл үүсээд байна гэлээ.

Тиймээс Шадар сайд Хятад Улсын талтай зөвшилцөж шатахуун импортоор оруулж ирэх вагоныг яаралтай тавих хүсэлт илгээгээд байна.