Афганистаны нийслэл Кабул хотын нисэх буудалд хүчтэй дэлбэрэлт боллоо

Улс төр

Афганистаны нийслэл Кабул хотын нисэх буудалд ар араасаа хоёр удаа халдлага дэлбэрэлт болжээ. Балмад халдлагын улмаас эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 60 гаруй хүн өртсөн байна. Түүнчлэн халдлагад Афганистаны иргэдээс гадна Америкийн 10-аад цэрэг дайчин өртөн амиа алдсан талаар мөн мэдээлж байгаа юм.

Кабулын олон улсын нисэх буудалд болсон халдлага дэлбэрэлтийн араас Афганистаны нийслэлд энд тэндгүй мөн том жижиг халдлага болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Гэхдээ одоогоор энэ мэдээлэл батлагдаагүй байна. Тэгвэл Кабулын нисэх буудалд болсон халдлагад Афганистаны ЭМЯ-ны мэдээллээр 13 хүн амиа алдаж, хэдэн арван хүн гэмтэж шархаджээ.

Халдлага Кабулын нисэх буудлын “Эбби Гейт” хаалганы дэргэдэх нэвтрэх хэсэгт болсон байна. Энд үл мэдэгдэх этгээд хүмүүсийн дунд тэсрэх бөмбөг дэлбэлсэн бол хоёр дахь дэлбэрэлт нисэх буудлын дэргэдэх зочид буудлын барилгын дэргэд болжээ. Пентагон Кабулд болсон халдлага дэлбэрэлтэд Америкийн цэргийн албан хаагчид байгаа гэсэн мэдээллийг баталжээ. Тэгвэл Талибаны бүлэглэл мөн халдлагад исламын хөдөлгөөний дайчид өртсөн талаар мөн мэдээлсэн байна. Ямартаа ч Кабулын нисэх буудалд болсон халдлагыг Исламын улс бүлэглэл үйлдсэн гэж үзэж байна.