Үргэлжилсэн борооны улмаас Булган, Хөвсгөл, Орхон аймгуудад 30 гаруй айл үерт автаад байна

Нийгэм

Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар усархаг аадар бороо үргэлжлэн орсны улмаас усанд боогдох айлын гэр, байшин хашаа үерт урсах тохиолдлууд орон нутагт цөөнгүй гарчээ.

Тухайлбал Булган аймгийн Хутаг-Өндөр суманд өнгөрсөн 21-22-ны өдөр үргэлжлэн орсон борооны улмаас Сэлэнгэ мөрөн үерлэж 5 айлын гэр усанд автсан байна. Айлын гэр усанд автсан гэх дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын алга хаагчид ажиллаж 5 айлын 17 хүнийг 113 малынх нь хамт уснаас гарган аюулгүй газарт хүргэжээ. Мөн борооны улмаас 4 хүн 1173 мал усанд боогдож үерийн ус татартал хүлээхээр болсон байна.

Үүнээс гадна Хөвсгөл аймгийн Галт суманд байрлах Идэр голын усанд 1 морьтой хүн боогдсон тухай дуудлага өчигдөр аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу ажиллахад Галт сумын иргэн Б-гийн хүү 15 настай хүү малаа тууж яваад усанд боогдсон байсныг гол гаргаж өгсэн байна.

Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үргэлжилсэн бороо орсны улмаас 4 айлын гэр хашаа, 2 орон сууцны зоорийн давхар үерт автжээ.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутгаар мөн үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас 15 айлын хашаа 4 айлын гэр 6 айлын байшин 1 айлын хүлэмж усанд автсан байна.

Өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үерт автсан айлуудад шуурхайн тусламж үзүүлэн ажилласан байна. Азаар хүний амь нас эрсэдсэн тохиолдол гараагүй байгааг Онцгой байдлын газраас мэдээллээ.

Цаашид усархаг бороо орох төлөвтэй байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллага онцгойлон санууллаа