Талибаны зэвсэгт дайчид жагсагчид руу гал нээжээ

Улс төр

Афганистан дахь засгийн эрхийг хяналтандаа оруулаад байгаа талибаны бүлэглэл шинэ засгийн газар эмхлэн байгуулах яриа хэлэлцээр эхлүүлэн, улс орондоо дахин халдлага хүчирхийлэл үйлдэхгүй гэж мэдэгдэж байгаа ч энэ улсад дотоодын нөхцөл байдал тогтворгүй байна. Афганистаны зүүн хэсгийн Желалабад хотод болсон иргэдийн жагсаал цуглааныг Талибаны зэвсэгт дайчид иргэд рүү гал нээн хүчээр тараажээ.

Желалабад хотод болсон иргэдийн жагсаалыг талибаны зэвсэгт дайчид галт зэвсэг нээн сүрдүүлж айлган тараажээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ үеэр иргэд амиа алдаж, шархадсан байна. Гэрчүүдийн яриагаар жагсагчид исламистуудын туг далбааг буулгахыг оролдох үед нөхцөл байдал хяналтаас гарчээ. Түүнчлэн энэ үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж байсан хэвлэлийнхэн, сэтгүүлчдийг зодож танхайрсан талаар ч мөн мэдээлж байна.

Желалабад хотод болсон иргэдийн жагсаалын үеэр хүмүүс гартаа “Афганистан улс мандан бадрах болтугай” гэсэн уриа лоозон хашгирч, үндэсний туг далбаагаа гартаа барин жагсчээ. Иргэд үндэсний туг далбаагаа хамгаалан жагсаал хийсэн байна. Учир нь исламистууд хотыг булаан эзэлснийхээ дараагаар Афганистаны Үндэсний туг далбааг буулган оронд нь Талибаны исламын далбааг мандуулсан нь нутгийн иргэдэд таалагдаагүй байна.