Нийгэм

Дарга солигдоход өмнөх удирдлагынхаа ажлыг үгүйсгэдэг. Хийсэн бүтээснийг үргэлжлүүлэх бус болиулж өөрчилдөг. Энэ бүхний ард татвар төлөгчдийн мөнгө урссаар байдаг юм. Тэгвэл хотын дарга энэ бүхнээс татгалзаж нийслэл хотыг хөгжүүлэх “Нэг хот, нэг стандарт” танилцууллаа. Дарга удирдлагаас эхлээд бүтээн байгуулалт хийх аж ахуй нэгжүүд хүртэл нэг стандарт дагаж мөрддөг байхаар боловсруулжээ.

Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар Улаанбаатар хотод тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгох зорилтын хүрээнд “Нэг хот-Нэг стандарт” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын 500 гаруй төлөөллүүд оролцож байна. Хотын хөгжлийн бүх салбар, чиглэл, үйл ажиллагааны үе шат бүхэнд олон улсын жишигт нийцсэн стандартыг мөрдүүлж тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх эхний ажлыг энэ зөвлөгөөнөөр эхлүүлж, 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлд тусгахыг хотын дарга онцоллоо. Хотын өмнө тулгамдсан бүх асуудлыг даван туулах хөгжлийн гүүр нь ганцхан стандарт байх учиртайг ч хэлж байна. Аливаа ажлыг гүйцэтгэхэд стандартын дагуу хийж хэрэгжүүлэхгүй байгаа учраас эрсдэл, үл ойлголцол, нийгмийн бухимдал, төсвийн үр ашиггүй зардал зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгарч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх зөрчигдөж байна гэж албаныхан онцолж байна.

ХОТЫГ НЭГ СТАНДАРТТАЙ БОЛГОХЫГ ХОТЫН ДАРГА АЛБАНЫХАН ҮҮРЭГДЛЭЭ

Ирэх 2020 оноос төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэд хотын стандартын хэрэгжилтийг хангаж, хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллах зорилт тавьж байна. Ингэснээр Улаанбаатар хот дэлхийн жишгээр хөгжиж, хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх юм.