Нийгэм

Нийтийн тээврийн жолооч нарын буруутай үйлдлээс болж өнгөрсөн онд 7 хүн, энэ оны 10-р сарын байдлаар 3 хүн амь насаа алдаад байна. Нийтийн тээврийн жолооч нарын холбогдсон гэмт хэргийн шалтгаан нөхцлийг сахилга, хариуцлагагүй, автобус хоорондоо уралддаг, хурд хэтрүүлдэг, гар утсаар ярьдаг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчдөгтэй холбон тайлбарлаж байна.

Нийтийн тээврийн жолооч нарт сахилга, хариуцлага дутаж байгааг Тээврийн цагдаагийн алба болон тээврийн прокурорын газраас мэдээлж байна. Жолоо барьж явахдаа гар утсаар ярих, хурд хэтрүүлэх, зорчигчдоо гүйцэд буулгаж, суулгахгүй хөдлөх, автобусны жолооч нар өөр хоорондоо уралдах зэрэг нь гэмт хэрэг, зөрчлийн үүдэл болж байгаа гэлээ. Үүнээс гадна бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, парк шинэчлэл хийдэггүйгээс осол аваар гардаг байна. Энэ нь зөвхөн жолооч нартай холбоотой асуудал биш. Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын удирдлагуудад ч хамаатай асуудал болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.

Нийтийн тээврийн жолооч нарын буруутай үйлдлээс болж 2018 онд 7 хүн, энэ оны 10-р сарын байдлаар 3 хүний амь нас хохирчээ. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг өмнөх онд 9, 2019 оны 10-р сарын байдлаар 8, хүндэвтэр хохирол учруулсан тохиолдол 2018 онд 14, 2019 онд 10-р сарын байдлаар 15 бүртгэгдснийг Тээврийн прокурорын газраас мэдээллээ.

Нийтийн тээврийн үйлчилгээний явцад жолооч, зорчигчид, бусад замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэрэгт өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэх тал дээр цаашид анхаарч ажиллахаа тээврийн цагдаагийн алба болон тээврийн прокурорын газар, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын удирдлагууд ярилцлаа.