Хөдөө орон нутагт зорчих иргэдийн анхааралд

Нийгэм

1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат: Орон нутагт “Ковид-19” өвчний халдварын тархалт, эмнэлгийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан 18 аймгийн 196 сум, зургаан тосгонд хязгаарлалтын дэглэм тогтоосон. Үүнээс 13 аймгийн 101 сумын хөл хорио наадмаас өмнө цуцлагдана. Импорт, экспортын гол боомтуудтай аймаг, орон нутагт хатуу хөл хорио хэвээр үргэлжилнэ. Хөл хорио цуцлагдсан аймгууд бие даан хязгаарлалт тогтоохгүй, УОК-той зөвшилцөж хязгаарлалт, хөл хорио тогтоох эсэхийг шийдвэрлэх юм. Иргэд орон нутагт зорчихдоо айлаар орохгүй, суурин газрын хөдөлгөөнд оролцохгүй, аяллын багийн хэмжээнд хүний тоог таваас дээш гаргахгүй байх, аль болох байгальд хоноглож амрах, жуулчны бааз, амралтын газраар үйлчлүүлэхийг уриалж байна. Вакцины бүрэн тунд хамрагдан 14-өөс дээш хоносон, өвчлөөд эдгэрсэн хүмүүс орон нутаг руу PCR, түргэвчилсэн шинжилгээ өгөх шаардлагагүйгээр вакцины гэрчилгээ болон эмчийн магадалгааг үзүүлэн товчоодоор нэвтэрнэ. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас вакцины II тунд бүрэн хамрагдаагүй, вакцины II тунд хамрагдсан ч 14 хоног болоогүй иргэд PCR болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариуг үзүүлэн зорчих юм. Хөдөө, орон нутагт зорчиж байгаа өрхийн таван наснаас дээш нэг хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авна. Иргэд тухайн орон нутаг мөрдөгдөж байгаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, шатахуун болон хүнсний бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, техникийн засвар, үйлчилгээг авна. Хөдөө орон нутагт зорчих иргэд зорьж буй аймаг болон дамжин өнгөрөх аймгуудын Онцгой комисстой холбогдон тухайн орон нутаг мөрдөж байгаа халдвар хамгааллын дэглэм, постоор хэрхэн нэвтрэх /зорчигч нар түргэвчилсэн тест авч явах эсэх/ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аялалд гарахын өмнө авах хэрэгтэй. Мөн цаг агаарын мэдээллийг байнга авах, гол усны ослоос сэргийлэх, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх зэрэг болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа ханган явахыг уриалж байна" гэлээ.