АНУ, НАТО УРЬДЫН ХАРИЛЦААГАА СЭРГЭЭХ БАЙР СУУРЬТАЙ БАЙНА

Улс төр

НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Умард Атлантын цэргийн эвслийн тэргүүн Йенс Столтенберг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нар нүүр тулсан уулзалт хийжээ. Талууд уулзалтын үеэр НАТО болон АНУ-ын харилцааны асуудлаар хэлэлцэж, Умард Атлантын цэргийн эвслийн цаашдын зорилго чиглэлийн талаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлжээ.

Брюссель хотноо ажлаа эхэлсэн НАТО-ийн дээд хэмжээний уулзалт олон талаар чухал ач холбогдолтой уулзалт болж байгаа юм. Учир нь АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Дональд Трампын үед АНУ болон НАТО-ийн харилцаанд ихээхэн санал зөрөлдөөн үүсч, цаашид НАТО байх шаардлагатай эсэх асуудал ч босч байсан юм. Тиймээс Жо Байден Брюсселийн дээд уулзалтын үеэр НАТО-ийн хамтрагчдаа тайвшруулж, цаашид Европ урьдын адил Америкийн гол хамтрагч, гол холбоотон хэвээр байхын зэрэгцээ НАТО урьдын адил Барууны улс орнуудын батлан хамгаалах салбарын гол элемент хэвээр байх болно гэдгийг ойлгуулах, батлах явдал чухал байжээ.

Энэ талаар ч Байден НАТО-гийн тэргүүн Иенс Столтенбергтэй уулзах үеэрээ хэлж, өөрийн засгийн газрын байр суурийг танилцуулан, цаашдын хамтын ажиллагаа, түншлэлийн талаар илүүтэй хөндсөн байна. Трампын үед НАТО-ийн гишүүн орнуудаас АНУ дангаар хамгийн их татаас төлж, Умард Атлантын цэргийн эвслийг нуруун дээрээ үүрч яваа нь буруу гэж үзэн, санхүүжилтийн асуудал дээр Европын хамтрагчид нь уян хатан бодлого баримтлахгүй бол цаашид НАТО-ийн өмнө хүлээсэн үүргээсээ ухрахад бэлэн гэдгээ мэдэгдэж байжээ. Тэгвэл энэ асуудлыг Байден сөхөж тавихаасаа илүүтэй цаашид НАТО-ийн хамтрагчидтайгаа цоо шинэ харилцааг бий болгож, Трампын үед үүссэн эвдрэлцэл, үл ойлголцлыг ардаа орхин, нөхцөл байдлыг засахыг хичээж байна. 

НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг уулзалтын үеэр Транс-Атлантыг дамнасан харилцаанд цоо шинэ эрин үеийг эхлүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Жо Байден НАТО-ийн тэргүүн Йенс Столтенбергтэй уулзсанаас гадна Эстони, Латви, Литвын тэргүүлэгчидтэй уулзан, НАТО-г дорно зүгт тэлэх үйл явцыг дэмжиж байгаагаас гадна эдгээр орны ОХУ-ын эсрэг сөргөлдөөнд тэдний талд баттай зогсохоо илэрхийлжээ.