Нийгэм

Монгол улсад өнөөдрийн байдлаар 131 орны 28 мянга гаруй гадны иргэн оршин сууж байна. Тэгвэл Гадаадын иргэн харьяатын газраас эдгээр иргэдийн дунд үзлэг шалгалт хийжээ. Гаднаас ирсэн иргэдийн хувьд квотоо зарах, визаны ангиллаа зориулалтын бусаар ашиглах зэрэг зөрчилтэй байсан нь илэрчээ.  Тухайлбал, Нигери улсын хоёр хөлбөмбөгчин визаны хугацаагаа хэтрүүлсэн байсныг илрүүлж албадан гаргажээ.

Хамгийн сүүлд жуулчны визээр ирсэн ч манай улсад хөлбөмбөгийн багт тоглож байсан хоёр иргэнийг албадан гаргахаар болжээ.  Тэднийг тус бүр хоёр сая төгрөгөөр торгож, Монгол улсад нэвтрэх эрхийг гурван жилээр хассан байна.   Эдгээр тамирчид нь 30 хоногийн визээр 2018 оны 5 сард Монголд ирсэн ч буцах зардалгүй гэсэн шалтганаар жил гаруй хугацаанд амьдарчээ.  Мөн БНХАУ-ын 155 иргэнийг гаргаснаас 42 иргэнийг Монгол улс руу нэвтрэх эрхийг 5 жилээр хасчээ.

Сүүлийн гурван жилийн хугацаанд 26 иргэн Монгол улсын иргэн болсон байна. Үүнээс нь найм нь Орос  буюу буриад иргэд байсан бол долоо нь Өвөрмонгол, үлдсэн нь Энэтхэг, Герман иргэд байжээ.  Харин Монгол улсын иргэний харьяаллаас сүүлийн гурван жилд 1289 иргэн татгалзсаны 877 нь буюу дийлэнх нь Казах иргэд байсан байна.

Оны эхний 10 сарын байдлаар 28 мянга гаруй иргэн байгаагийн 13 мянга орчим нь БНХАУ-ын иргэд байна.  Эдгээр иргэдийн дийлэнх нь зам барилгын ажлын шугамаар орж ирдэг ч ирээд квотоо зарах, ажиллах журмаа зөрчих зэрэг тохиолдол гарсаар байгааг хэллээ.

2019 онд гадны иргэдээс зөрчил гаргасан 2628 хуулийн этгээдийг шалгасан байна. Үүнд дийлэнхдээ бүртгэлийн журам зөрчсөн , оршин суух хугацаа хэтрүүлсэн, виза сунгуулаагүй зэрэг асуудлууд байжээ.  Мөн багшлах журмаар ирсэн иргэд хар тамхи хэрэглэсэн хэрэг ч гарчээ.

ФЭЙСБҮҮК ШУУД