Нийгэм

Баавгай суурьшлын бүсрүү орсон тохиолдол сүүлийн нэг сарын хугацаанд 20 гаруй бүртгэгджээ. Эдгээрээс хамгийн харамсалтай нь аав, хүү хоёрыг барьсан тохиолдол юм.

Иймд ЦЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газар болон амьтан судлаачид зэрэг мэргэжлийн байгууллагаас төлөөлөн оролцон шуурхай хуралдсан юм. Энэ үеэр БОАЖ-ын сайд албан даалгавар гаргаж, орон нутгуудад хүргүүлэх ажлыг зохион байгууллаа. Хэрэв баавгай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулбал буудах талаар энэхүү албан даалгаварт тусгагджээ.

Баавгай суурьшлын бүсрүү орсон, улмаар айлын мал барьсан учир буудаж устгасан гэсэн тохиолдол Өчигдөр Дорнод болон Төв аймагт гарчээ. Гэтэл баавгай нь өөрөө нэн ховор амьтанд тооцогддог учир дээрх тохиолдолд буудах нь хуулиар хориотой. Тиймээс ажлын хэсгээс үнэхээр хүний амь насанд аюул учруулах байдал үүссэн эсэхэд шалгалт явуулна. Хэрэв ийм байдал үүсээгүй үед буудвал хуулийн дагуу арга хэмжээ авах юм.

Хүрэн баавгай холимог тэжээлтэй амьтан. Зуны сүүл, намрын эхэнд самар жимсээр хооллодог. Харин энэ жилийн хувьд самар, жимс ургац багатай байгаа. Тиймээс идэш тэжээл хайх зорилгоор суурьшлын бүсрүү орох болжээ. Нөгөө талаар хууль бус ан, агнууртай холбоотойгоор тоо толгой нь багасаж байгаа. Хамгийн сүүлийн мэдээллээр 500 бүртгэгджээ. Тоо, толгой нь багасаж, идэш тэжээл муу байгаа учир хүрэн баавгайнд туслах, идэш тэжээл өгөх чиглэлээр зарим иргэд санаачилга өрнүүлж эхэлсэн байна.