Халуун сэдэв

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурор их хуралд хүргүүлээд байгаа. Энэ асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо авч хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Харин дэд хорооны нэг гишүүд гадаадад томилолттой байгаа тул өнөөдрийг хүртэл хуралдаагүй байгаа юм. Тэгвэл гишүүн Н.Номтойбаярт холбогдох асуудлыг энэ долоо хоногтоо багтаан шийднэ гэж халдашгүй байдлын дэд хорооны дарга хэллээ.

­­Эрх баригч намаас  хамгийн олон сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан,  Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд нарын таван гишүүн УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороонд харьяатай. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийддэг дэд хороо ирцийн асуудлаар хуралдахгүй байгаа нь цахим орчинд шүүмжлэл дагуулах болсон. Тодруулбал, эрх баригч намын ахмад гишүүдээс бүрдэх халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг  авч үлдэх сонирхолтой байна гэх асуудал хөндөгдөх болсон юм. Тэгвэл түүнд холбогдох хэргийг энэ долоо хоногт багтаан шийднэ гэж дэд хорооны дарга мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ХНХ-ын сайдаар ажиллаж байх үедээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг хууль бусаар ашиглах эрх олгосон, мөн АН-ын дэд дарга асан Г.Батхүүг нас барсан хэрэгт худал мэдүүлэг өгсөн, мөрдөн шалгаж байгаа хэргийн талаар олон нийтэд мэдээлсэн зэрэг хэд хэдэн үндэслэлээр бүрэн эрхийг нь хөндөж байгаа. Тэрээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьсан ч энэ нь боломжгүйг хэлж байна.

Улсын Ерөнхий Прокуророос гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг 48 цагийн дотор шийдэх хуулийн зохицуулалттай. Гэвч халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Ч.Улаан гадаад томилолттой байгаа юм. Таван гишүүнээс бүрдэх дэд хороо дөрвөн хүнтэй хуралдах боломжгүйгээс гадна санал тэнцэх эрсдэлтэй. Тиймээс прокурор асуудлыг оруулж ирэхдээ яарч адгасан байдлаар биш дэд хорооны ирц ямар байгаад анхаарах ёстой байсныг тэрээр онцоллоо.

ФЭЙСБҮҮК ШУУД