Халуун сэдэв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг цэцийн гишүүд хүлээн авлаа. Тэрээр онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан нь ёс зүйн хувьд төрийн өндөр албан тушаал хаших ёсгүй гэдэг хатуу шүүмжлэлийг иргэд олон нийт илэрхийлж байсан юм. Тэрээр олны өмнө өнөөдрийг хүртэл гарч ирээгүй байна. Цэцийн хуралдаан ч хаалттай болж түүнийг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдлээ. 

Хурал 14:00 цаг хүртэл үргэлжилж шийдвэрээ гаргалаа. Үндсэн хуулийн цэцийн хуралдаан есөн гишүүний оролцоотой буюу бүрэн бүрэлдэхүүнтэй хуралджээ. Хуралдааны эхэнд  Цэцийн нийт гишүүдэд Үндсэн хуулийн цэцийн даргын хүсэлтийг танилцуулж, түүний тайлбарыг сонссоны дараа гишүүд асуулт тавьж, хариулт авсан байна. 

Хуралдаанд оролцсон гишүүд Д.Одбаярыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаас  чөлөөлөх хүсэлтийг өөрийнх нь саналын дагуу ил санал хураалт явуулж шийдвэрлэжээ. Үндсэн хуулийн цэцийн нийт 9 гишүүн Доржийн Одбаярын  хүсэлтийг санал нэгтэйгээр хүлээн авч,  түүнийг Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас  чөлөөллөө.