Халуун сэдэв

УИХ-аас байгуулагдсан Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгээс нийт 86 зүйл заалт бүхий арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Цаашид Оюутолгойн гэрээний үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд УИХ-аас тогтоол гаргаж засгийн газарт чиглэл өгөх учиртай гэж байгаа. Тэгвэл өнөөдөр УИХ-ын эдийн засгийн байнгын хороо Оюутолгой төсөлд Монголын талын эрх ашгийг хангаж үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд боловсруулсан тогтоолын төслийг хэлэлцлээ.

Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт одоогоос жил гарны өмнө гарсан ч УИХ хэлэлцэж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Ажлын хэсгээс хоёр зүйл долоон заалттай тогтоол гарсан ч ийнхүү жил тойрсны эцэст өнөөдөр эдийн засгийн байнгын хороонд танилцуулагдлаа. Тогтоолын төсөлд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ болон далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг сайжруулах цогц арга хэмжээ авах чиглэлийг засгийн газарт өгч байна гэж тусгажээ. Зөвхөн гэрээг сайжруулах, засаж залруулах чиглэлд  арга хэмжээ авахаас биш ямар нэг цуцлах чиглэл өгөөгүйг онцоллоо.

УИХ-аас гаргасан тогтоолд хоёр зүйл долоон заалт бүхий арга хэмжээ авахыг тусгажээ. Үүнд, Монгол улс Оюутолгойгоос хүртэх ашгийг 20 жилээр хойшлуулсан Дубайн гэрээг улсын эрх ашигт нийцүүлэн сайжруулах, ТЭЗҮ шинэчилж ордын нөөцийг дахин тогтоох, 34 хувийг зээлээр эзэмшиж байгаа асуудлыг АМНАТ-т шилжүүлэх, байгаль орчны эрсдлийн үнэлгээ хийж гүний усаар олборлолт явуулж байгааг анхаарах зэргийг тусгасан байна. Гишүүдийн зүгээс үр өгөөж муутай гэрээг нэн даруй засаж сайжруулах шаардлагатай гэдгийг хэлж байгаа юм.

2008-2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ УИХ-аас өгсөн чиглэлээс гажиж Монголд үр ашиггүй болгон хийсэн тул тухайн үеийн хууль тогтоомж УИХ-аас өгсөн чиглэлд нийцүүлэн гэрээг засах шаардлагатай гэж байгаа юм байна. Оюутолгой компани анх гэрээнд тохирсноос хэд дахин зардлаа өсгөж байгаа нь Монгол улсын ашиг хүртэх хугацааг 2041 он болгож 2019 он гэхэд нэг тэрбум ам долларын өртэй болгох тооцоолол гарсан. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэйг гишүүд онцолж байлаа.