Ираны химийн үйлдвэрт гал гарчээ

Үйл явдал

Ираны Кум хотод ням гарагт химийн үйлдвэрт гал гарчээ. Орон нутгийн гал сөнөөх албаны мэдээлснээр Кум хотын “Молдан” компанийн химийн үйлдвэрийн аж үйлдвэрлэлийн бүсэд хүчтэй гал гарсан байна.

Химийн үйлдвэрт гал гарах үеэр хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрэлт болжээ. Улмаар гал хоромхон хугацаанд хүрээгээ тэлж ассан байна. Галыг унтраахаар 150 гал сөнөөгч, 20 галын машин ирж, үйлдвэрээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. Гал унтраах явцад гал сөнөөх хоёр машин өртөн сүйдэж, хоёр гал сөнөөгч гэмтэж түлэгдсэн байна. Гал химийн үйлдвэрийн спирт болон бусад шатамхай шингэн хадгалах нөөцийн хэсэгт гарсан учраас маш богино хугацаанд их хэмжээний талбай хамран ассан байна. Гал гарсан “Молдан” үйлдвэр нь Ираны фталийн ангидрид үйлдвэрлэн нийлүүлэгч томоохон хувийн үйлдвэр юм. Химийн энэхүү бүтээгдэхүүнийг янз бүрийн хуванцар, будагч үйлдвэрлэхэд ашигладгаас гадна нисэхийн түлшид хольдог байна.