Намууд

Шинэ нам 2020 оны Улсын их хурлын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ нэрсийг тодруулсан байна. Монголын улс төрийн хамгийн отгон намуудын нэг анхны сонгуульдаа 34 эрхмийг илгээхээр тогтжээ. Эрдэмтэн, мэргэд, сэтгүүлч, эдийн засагч зэрэг салбар салбарын мэргэжилтнүүд багтсан байна. Харин намын дарга Ж.Батзандан Баянхзүрх дүүрэгт өрсөлдөхөөр төлөвлөжээ.

Шинэ нам, Монголын үндэсний ардчилсан нам, Үнэн ба Зөв нам, Бүгд найрамдах намууд нэгдэн Шинэ эвслийг байгуулсан. Тус эвслээс нийслэлийн есөн тойрогт өрсөлдөх зарим хүмүүсийн нэрс тодорчээ. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт УИХ-ын гишүүн Л.Болд, дүүргийн засаг даргын орлогч Э.Түвшин, удирдлагын академийн багш доктор Л.Ариунаа өрсөлдөх бол БЗД-т УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Шинэ намын дэд дарга Ш.Батсамбуу тэргүүтэй таван хүн өрсөлдөнө. Харин Сүхбаатар дүүрэгт Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхбат, Сэтгүүлч Б.Отгон, Шинэ намын ЕНБД Б.Мөнхжаргал нар нэр дэвшихээр болсон байна. Тэгвэл Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд Багануурын уурхайн дэд дарга асан Б.Гантулга нэр дэвшихээр тодорчээ. Шинэ эвслийн зүгээс нэр дэвшигчдээ тодруулахдаа ямар нэг дэнчин авч, мөнгөөр уралдуулаагүй гэлээ.

Харин Шинэ эвслээс Хэнтий аймагт Босоо хөх Монгол хөдөлгөөний салбарын тэргүүн П.Нарантуяа, Паралимпын алтан медальт, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав нар өрсөлдөх бол Дархан-Уул аймагт эдийн засагч Д.Жаргалсайхан, П.Эрдэнэбат нар нэр дэвшихээр болсон байна.

Шинэ эвслээс УИХ-ын сонгуульд 34 хүнийг нэр дэвшүүлэхээр болсон байна. Өнөөдөр эхний байдлаар 20 гаруй нэр дэвшигчийг тодорхой болгон зарлалаа. Энэ сарын 16-ны дотор нам эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах хуультай. Тиймээс үлдсэн нэр дэвшигчдийг хуулийн хугацаандаа багтаан тодруулахаа хэллээ.