Намууд

Монгол Ардын нам нэр дэвшигч нараасаа нэг ч төгрөгийн хандив авахгүй гэдгээ зарласан. Харин Ардчилсан намын хувьд нэр дэвшигч, горилогч нараас авах мөнгөн дүн 100 сая төгрөг байхаар тогтсон байна. Сонгуулийн хуулиар авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй. Ардчилсан нам хуулийн энэ заалтыг чанд баримтлан нэр дэвшигч нараа тодрууна гэдгийг намын дарга С.Эрдэнэ хэлж байна.

Улс төрийн намууд нэр дэвшигч, горилогчдоос тодорхой хандив авч нэр дэвших эрхийг олгодог. МАН-ын хувьд хандив авахгүй, сонгогчдын дунд санал асуулга авч, энэ удаагийн сонгуульд оролцох нэр дэвшигчдийг тодруулна гэсэн. Харин АН-аас нэр дэвшигчид 100 сая төгрөгийн хандив өгч, сонгуульд оролцох эрхээ олж авах юм. Түүнчлэн хандивын хэмжээгээр албан тушаалд томилдог асуудлыг гаргуулахгүй, төрийн албанд ажиллах хүмүүсийг боловсролын түвшинг харгалзан үзнэ гэлээ.

С.ЭРДЭНЭ:  100 САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨГСӨН НЭР ДЭВШИГЧИД СОНГУУЛЬД ОРОЛЦОНО

Авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхгүй байх хуулийн заалттай. Энэ зарчмыг баримтална гэдгийг АН-ын дарга мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл тус намаас нэр цэвэр хүмүүс энэ удаагийн сонгуульд өрсөлдөнө гэсэн юм. Харин намаас нэр дэвших хүмүүсийн нэр 4 сард тодорхой болно.

Гэмт хэрэгт холбогдсон байдал авлига, албан тушаалын хэргээр хязгаарлагдахгүй. Өөр бусад гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд АН-аас нэр дэвших боломжгүй гэдгийг хэллээ. Эдгээр шалгуурыг хангасан нэр дэвшигчдийг Үндэсний бодлогын хорооны хурлаар оруулж  эцсийн шийдвэрийг гаргах юм.