Намууд

Энэ долоо хоногт тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг нэг мөр шийдэж дуусгана. Хуулийн төслийг Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлахаар төлөвлөж байгааг Улсын их хурлын дарга Занданшатар хэлсэн. Тэгвэл эрх баригч монгол ардын намын бүлэг өнөөдөр үдээс хойш хуралдаж хуулийн төслийг хэлэлцлээ. Намын бүлгээс ямар шийдвэр гарсныг үзэгч танд хүргэе. 

МАН-ын бүлэг тэтгэврийн зээлтэй ахмадуудынхаа зээлийг тэглэх тухай хуулийн төслийг дэмжлээ.  Тэтгэврийн зээлтэй ахмадуудынхаа зээлийг тэглэх нь нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа чухал ажил. Тиймээс бүлэг ийм шийдвэр гаргасан гэсэн юм.

Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Хэрэв дэмжигдвэл 2-р сарын нэгнээс зээлтэй ахмадууд зээлээ тэглүүлж тэтгэврээ авч эхэлнэ. Үүнээс гадна хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас тэтгэвэрт гарсан, тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг болон цэргийн тэтгэвэр авдаг иргэд зээл авсан тохиолдолд зээлээ тэглүүлэх боломжтой юм.

Тэтгэврийн зээл авсан ч цаг хугацааны эрхээр нас барсан хүмүүсийн зээлийг мөн тэглэхээр болсон юм. Харин Тэтгэврийн зээл тэглэх асуудлыг 2019 оны 12-р сарын 31-ний өдрөөр тасалбар болгожээ.