ЭНЭТХЭГИЙН ХАМГИЙН ӨНӨР ӨТГӨН ГЭР БҮЛТЭЙ ЭР ТААЛАЛ ТӨГСЧЭЭ

Энтертэйнмент

Энэтхэгийн хамгийн өнөр өтгөн гэр бүлтэй хүн гэж тооцогддог Зиона Чан энэ сарын 13-нд хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. 76 настай байсан энэ эр 38 эхнэр, 89 хүүхэд, 36 ач зээтэй, хамгийн өнөр өтгөн гэр бүлийн тэргүүн байжээ.

Зиона Чаныг Энэтхэгийн төдийгүй дэлхийн хамгийн өнөр гэр бүлийн тэргүүн гэж тооцож байсан юм. Чан мормоны үзэл суртал бүхий шашны урсгалыг баримтлагч, полигам буюу олон эхнэр авах үзэлтэн байжээ. Тэрээр сүүлийн жилүүдэд чихрийн шижин болон гипертензиар шаналж байсан юм. Ням гарагийн орой түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч амь насыг нь аварч чадаагүй байна.

Дэлхийн хамгийн өнөр гэр бүл болох Чаны гэр бүл Энэтхэгийн зүүн хойд хэсгийн Мизорам мужийн Аижал хотоос 55 км зайтай газарт Бактавн Тланг-нуам нэртэй тосгонд суурьшин амьдарч байжээ. Түүний шашны сект бараг 2 мянгаад гишүүнтэй, харин гэр бүл нь 4 давхар 100-аад өрөөтэй байшинд нэг дороо төвлөрөн амьдарч байсан юм. Зиона Чан мебель эдлэлийн үйлдвэртэй, мөн гахайн фермтэй, тосгоны иргэдийн дунд нэр хүндтэй нэгэн байжээ. Түүний эхнэр хүүхдүүд нь газар тариалан эрхэлж, ойр хавийн тосгоныхноос аж байдал нь хавь илүү амьдардаг байна.

Чаны өнөр өтгөн гэр бүл оройн хоолондоо нэг дор 30 тахиа, 60 кг төмс, 50 кг цагаан будаа иддэг гэнэ. Түүнчлэн Зиона Чан хэвлэл мэдээллийн баатар, түүнийг ярилцлага мэдээнд байсхийгээд л урьж оролцуулдаг, түүний гэр орон нутгийн нүүр царай, аялал жуулчлалын төв болдог байжээ.