Засгийн газар

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж Монгол Улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихаар шийдвэр гаргасан байна.  

Хөтөлбөр нь КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, Хүний хөгжлийн, Эдийн засгийн, Ногоон хөгжлийн, Засаглалын, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлогоос бүрдэж байна. Нэн тэргүүнд Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах онцгой бодлогыг хэрэгжүүлнэ.

Харин хүний хөгжлийн бодлогын хүрээнд Эрүүл мэнд, соёл, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын оновчтой бодлого хэрэгжүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэн, дундаж давхаргыг тэлнэ. Иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөл бүрдүүлж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, иргэдийн амьжиргааг сайжруулах зорилт, арга хэмжээг төлөвлөсөн байна.

Харин Эдийн засгийн бодлогын хүрээнд Макро эдийн засгийн орчныг бэхжүүлэх, эдийн засгийн хүндрэлийг дунд хугацаанд даван туулах, тогтвортой өсөлтийг хангах, тэргүүлэх ач холбогдолтой салбаруудыг хөгжүүлнэ гэжээ. Түүнчлэн Байгалийн баялгийг зүй зохистой ашиглаж, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулан, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлнэ. Байгаль, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орчинд ээлтэй аж ахуй эрхлэх, байгалийн нөөц баялгийг хамгаалах, хомсдолоос сэргийлэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх боломжийг бүрдүүлэх бол Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжиж, дэд бүтцийг сайжруулан, Улаанбаатар болон дагуул хотыг оновчтой төлөвлөлт, ухаалаг шийдэл бүхий хот болгоно гэж үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгасан байна.