Засгийн газар

Ковид-19 цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг УИХ-аар батласан. Тус тогтоолд Эрүүл мэндийн сайдын санаачлагаар халдварын үед өндөр ачаалалтай ажиллаж байгаа төрийн алба хаагч эмч мэргэжилтнүүдийг хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцанд хамруулах асуудлыг тусгасан. Тэгвэл засгийн газар уг асуудлыг өнөөдөр хэлэлцэж 1300-1500 төрийн үйлчилгээний болон тусгай алба хаагчийг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тогтоолыг баталлаа.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн үйлчилгээний болон төрийн тусгай алба хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамруулах тогтоолыг баталлаа. Эхний ээлжинд цар тахлын эсрэг арга хэмжээ авахад өндөр ачаалалтай ажиллаж байгаа эмч, сувилагч, онцгой байдлын алба хаагчид, цагдаа, мэргэжлийн хяналт, хил гаалийн ажиллагсад гээд 1300-1500 төрийн алба хаагчийг хамруулахаар болжээ. Ингэхдээ 100 хувь ашиглалтад орж, Улсын коммис хүлээн авсан бэлэн байрыг ямар нэг урьдчилгаа төлбөр шаардаж, хүү тогтоохгүйгээр түрээслэн амьдарч байгаад өмчлөх нөхцлөөр олгох юм.

Төрийн үйлчилгээний болон тусгай алба хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд хамруулах ажлыг нийслэлийн засаг дарга С.Амарсайханд хариуцуулж Нийслэлийн орон сууцны корпорациар дамжуулан олгохоор шийдвэрлэлээ.

Ингэснээр дээрх орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг Нийслэлийн орон сууцны корпорацид хүсэлт гаргаж олон нийтэд ил байдлаар сонгон шалгаруулахаар төлөвлөжээ. Орон сууцны м.кв-аас хамааран 1-3 өрөө байрнуудаас иргэд өөрийн орлогод нийцүүлэн сонголтоо хийх юм. Эхний ээлжинд Монголбанкны зүгээс 100 орчим тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр болжээ.

Өнөөдрийн байдлаар 4076 айлын орон сууц зах зээл дээр бэлэн байна. Дээрх орон сууцнуудаас эхний ээлжинд 1300-1500 төр худалдан авч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа өөрийн гэсэн орон сууцгүй алба хаагчдыг хамруулна. Цаашид иргэдийг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх бодлого баримталж байгааг хэлж байна.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ