Засгийн газар

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ коронавируст халдварыг зарласнаас хойш Засгийн газар эрүүл мэндийн болоод бусад салбарыг дэмжих чиглэлд олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тэр дундаа эрүүл мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж 70 гаруй амьсгалын аппарат болон бусад тоног төхөөрөмжөөр хангаад байна.

Харин өнөөдөр Азийн хөгжлийн банкны 300 сая долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээг УИХ-аар соёрхон батлууллаа. Ингэснээр эдийн засгийг дэмжих, эрүүл мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөжээ.

АХБ-НЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭС 20 САЯ ДОЛЛАРЫГ НИЙГМИЙН ЭМЗЭГ БҮЛЭГТ ЗАРЦУУЛНА

Өнөөдөр батлагдсан төслийн хүрээнд 30 сая ам долларыг эрүүл мэндийн салбарт зарцуулж 415 амьсгалын аппарат болон эрчимт эмчилгээний 500 орыг нэмэлтээр дэлгэхээр төлөвлөсөн байна. Коронавируст халдварын үед болоод амьсгалын замын өвчлөл нэмэгддэг өнөөгийн нөхцөлд дээрх арга хэмжээ нэн чухал гэдгийг салбарын сайд онцоллоо.

Цар тахлаас сэргийлэн ажиллаж байгаа өнөөгийн нөхцөлд нийгмийн эмзэг бүлгийг эрсдэлээс хамгаалах ажил нэн чухал гэж засгийн газар үзсэн байна. Тиймээс Азийн хөгжлийн банкнаас авах нэн хөнгөлөлттэй зээлийн 20 сая долларыг нийгмийн эмзэг хэсэгт зарцуулахаар төлөвлөжээ. Зээлийн тухайд жилийн 0.5 хувийн хүүтэй 40 жилийн хугацаатай, эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна.