Казахстаны экс удирдагч Н.Назарбаев улс орондоо дэгдсэн үймээний дараа анх удаа иргэддээ хандан мэдэгдэл хийлээ

Улс төр

Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев улс орондоо шинэ оны дараа дэгдсэн олныг хамарсан үймээн самуун, жагсаал цуглааны дараа анх удаа олны нүдэнд ил гарч, мэдэгдэл хийжээ.

Назарбаев мэдэгдэлдээ улсынхаа иргэдэд хандан улсынхаа өөрчлөлт шинэчлэлийн бодлогыг дэмжихэд уриалсан байна. 

Елбасы буюу Казахстаны ард түмний эцэг гэгддэг Нурсултан Назарбаев ард иргэддээ хандан хийсэн мэдэгдлээ орос болон казах хоёр хэлээр хийсэн байна. Түүний мэдэгдлийг экс ерөнхийлөгчийн албан ёсны вебсайтад сүүлд байрлуулжээ. Назарбаев өнгөрсөн хугацаанд улсынхаа нийслэл хотод гавьяаныхаа амралтыг эдлэн хаашаа ч яваагүй суурин байсан гэжээ. Түүнчлэн тэрээр улс орондоо энэ сарын эхээр болсон үйл явдлыг эрс шүүмжлэн буруутгаж, иргэдийг хамарсан жагсаал цуглаан, эмх замбараагүй байдал, халдлага дайралт нь улс орны бүрэн бүтэн байдалд халдаж, халдашгүй байдлыг зөрчсөн балмад явдал байсан гэж мэдэгдсэн байна.

Назарбаев улс орондоо дэгдсэн үймээн самууны үеэр амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, гэмтэж бэртсэн хүмүүст түргэн эдгэхийг хүсчээ.

Түүнчлэн Казахстаны экс тэргүүн улс орны төрийн эрх мэдлийн төлөөх тэмцэлтэй 1-р сарын эхээр болсон эмх замбараагүй байдал холбоотой гэх таамгийг эрс үгүйсгэсэн байна. Назарбаев энэ талаарх таамгийг ул үндэслэлгүй хардлага гэж нэрийджээ. Елбасы түүнчлэн Казахстаны иргэдэд хандан ерөнхийлөгч Токаевын дэвшүүлж байгаа өөрчлөлт шинэчлэлтийн хөтөлбөрийг дэмжихэд уриалан, улс орныхоо цаашдын хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа зүтгэхийг хүсчээ.