Засгийн газар

Манай улсад коронавирусийн анхны тохиолдол Франц улсын иргэнээс илэрсэн. Түүнийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлан биеийн байдлыг нь хянаж байна. Тэгвэл Франц улсын элчин сайд Монгол улсын шадар сайд Энхтүвшинтэй энэ асуудлаар уулзлаа. Франц иргэн Монгол оронд өвчний халдвар тээн ирсэнд харамсаж байгаагаа илэрхийлэн цаашид энэ алдааг засаж залруулах талаар ярилцсан байна. Мөн Францын иргэнийг Монгол эмч нар бүрэн эдгээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Дэлхий нийтэд цар тахлын түвшинд тархаад байгаа шинэ коронавирусийн Монгол улс дахь анхны тохиолдол Франц иргэнээс илэрсэн. Улмаар онцгой дэглэмийг чангатгаж, вирус тархах эрсдэлээс сэргийлэн манай улс бүхий л чадлаа дайчлан ажиллаж байгаа. Тэгвэл Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филипп Мэрлин Улсын онцгой комиссын даргатай уулзлаа.

МОНГОЛ УЛСАД COVID-19 ХАЛДВАРЫН АНХНЫ ТОХИОЛДЛЫГ АВЧ ИРСЭНД МАШ ИХ ХАРАМСАЖ БАЙНА ГЭЛЭЭ

Юуны түрүүнд Монгол улсад Covid-19 халдварын анхны тохиолдлыг Франц улсын иргэн авч ирсэнд маш их харамсаж байна гэжээ. Үүнээс гадна Франц улсын засгийн газар Монгол улсын засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яаманд гүн талархал илэрхийлж байгаагаа хэлсэн байна. Учир нь Франц улсын элчин сайд иргэнтэйгээ байнгын холбоотой байхаас гадна түүний биеийн болоод сэтгэл санааны байдал эрс сайжирсанд талархаж байна гэжээ. Франц иргэний биеийн байдал сайн байгааг ХӨСҮТ ийн дарга ч онцолсон юм.

Франц улсын тухайд иргэнээ авах хүсэлт гаргаад байсан. Тэгвэл Улсын онцгой комиссын даргатай уулзах үеэрээ иргэнээ нутаг буцаах асуудлыг дахин хөндөхгүй гэжээ. Учир нь өвчтөний сэтгэл санаа, биеийн байдал сайжирч байгаатай холбоотой Монгол улсын засгийн газар, эрүүл мэндийн салбар эмч нар Франц иргэнийг эмчилж чадна гэдэгт итгэн найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Монгол улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин хэлэхдээ, засгийн газраас өвчтөнийг эдгээхийн тулд байгаа бүх хүч чадлаа дайчлан ажилла гэдэг чиглэл өгсөн. Тийм бололцоо байгаа гэдгийг ч Эрүүл мэндийн сайд хэлсэн гэжээ. Тиймээс одоо өвчтөний сэтгэл санааны байдал чухалын дээр өнгөрсөн хоногуудтай харьцуулахад нийгмийн сүлжээгээр тархаж байсан таагүй хандлага буурч ард иргэд ухаалаг хүлээцтэй хандаж байгааг онцолжээ.