Жонсон, Путин нар Украин, НАТО-ийн талаар хэлэлцлээ

Улс төр

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар Украин болон НАТО-гийн харилцааны асуудлаар утсаар хэлэлцжээ.

Жонсон Путинтай хийсэн утасны ярианы үеэр Украины хямралыг дэвэргэх аливаа өдөөн хатгасан үйлдэл алхмыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг хэлж, Оросын тэргүүн НАТО-г дорно зүгт тэлэх бодлогоосоо татгалзан, энэ дагуу яриа хэлэлцээ явуулахыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна.

Даунинг Стритын мэдээлснээр хоёр улсын тэргүүлэгчид утасны ярианы үеэр Оросын талыг Украинтай залгаа хил дагуугаа цэргийн хүчнээ төвлөрүүлж байгаад санаа зовинож байгаагаа илэрхийлэн, Украин улсын газр нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг Барууны орнууд хамгаалан дэмжиж, талд нь зогсч байгааг дахин анхааруулжээ.

Түүнчлэн хэрвээ Оросын тал Украины эсрэг ямарваа халдан довтолсон, аюулгүй байдалд нь халдсан алхам хийвэл энэ нь стратегийн томоохон алдаа болно гэдгийг хэлжээ. Борис Жонсон түүнчлэн олон улсын болоод бүс нутгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар хамтарсан яриа хэлэлцээ явуулах нь чухал гэдгийг хэлсэн байна. Түүнчлэн Донбассын асуудлаар талууд Минскийн тохиролцоог дагаж мөрдөх нь чухал гэдгийг Жонсон онцолжээ. 

Тэгвэл Кремлийн хэвлэлийн алба Путин, Жонсон нарын утасны ярианаас НАТО-г дорно зүгт тэлэх бодлогоосоо татгалзахад уриалсныг тэмдэглэжээ.

Үүний тулд ОХУ-ын ерөнхийлөгч НАТО-г өргөжүүлэн тэлэх асуудлаар тодорхой, олон улсын хууль эрхзүйн яриа хэлэлцээ хийх шаардлагатай байгааг тэмдэглэн Умард Атлантын цэргийн эвслийг дорно зүгт тэлэх бодлогыг дэмжихгүй байгаагаа, мөн улсынх нь хилд ойртож байгаад тааламжгүй хандаж байгаагаа тодорхой хэлжээ.

Түүнчлэн Оросын тэргүүн Украины талыг Минскийн хэлэлцээрийг зөрчиж байгаад буруутган, Донбасс дахь орос хэлтэн иргэдийн ашиг сонирхол, аюулгүй байдал зөрчигдөж байгаад гомдоллосон байна. Москвагийн эрх баригчид НАТО-гоос 2008 оны Бухарестын дээд уулзалтаар гаргасан НАТО-г дорно зүгт Украин, Гүржийг эгнээндээ элсүүлэх замаар тэлэх бодлого шийдвэрээсээ татгалзахад уриалжээ.