Мальоркагийн нисэх буудлаас оргон зугтсан зорчигчдыг саатуулжээ

Үйл явдал

Испанийн Пальма де Майорка хотын нисэх буудалд түр газардсан Марокко улсын иргэний агаарын тээврийн онгоцноос оргон зугтсан зорчигчдыг саатуулжээ.

Долоо хоногийн эхээр Марокко улсын Туркийг чиглэн нисч байсан иргэний агаарын тээврийн онгоц замдаа Испанид зайлшгүй буулт хийх үеэр онгоцонд явсан 20-иод хүн зугтаж, сураггүй алга болсон хэрэг гарсан юм. Улмаар энэ явдлаас шалтгаалан нисэх буудлын үйл ажиллагаа хэдэн цагийн туршид зогсоход хүрч, зугтсан зорчигчдыг эрэн хайх ажил хийгджээ. 

Мароккогийн Air Arabia Maroc агаарын тээврийн компанийн Касабланка хотоос Туркийн Стамбул хот руу хийж байсан нислэгийн үеэр зорчигчдын нэгний биеийн байдал муудсан юм. Улмаар агаарын хөлгийн багийнхан Испанийн Пальма де Майорка хотын нисэх буудалд газардсаны дараагаар энэ нислэгээр явж байсан 20-иод зорчигч нисэх буудлыг орхин сураггүй алга болжээ.

Сүүлд тодорхой болсноор онгоцонд биеийн байдал нь муудсан зорчигч эрүүл саруул байсан, дээрх явдлыг Мароккогоос Испанид хууль бусаар нэвтрэх зорилгоор зориудаар санаатай зохион байгуулсан нь тодорхой болсон байна.

Испанийн хууль сахиулагчид онгоцноос бууж сураггүй алга болсон 24 зорчигчийн 12-ыг нь илрүүлэн саатуулж, бусад хүмүүсийг эрж хайх ажлаа үргэлжлүүлж байна.