Засгийн газар

Өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас салбарын өнгөрсөн сарын нэгдсэн мэдээллийг өглөө. Өнгөрсөн онд уул уурхайн салбар ашигтай ажилласан байна. Мөн энэ үеэр Эрдэнэс Таван толгой компанийн хувьцааг олон улсад гаргах ажил амжилттай явагдаж байгааг мэдэгдлээ.

2019 оны 12 дугаар сарын байдлаар уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувийг, экспортын 90 хувийг тус тус бүрдүүлсэн байна. Монгол улсын нэгдсэн төсвийн орлого өнгөрсөн оны гүйцэтгэлээр 11.9 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оноосоо 18.6 хувиар өсчээ. Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2.9 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 590.7 тэрбум буюу 25.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Эрдэнэс Тавантолгой компани дээр IPO хийх ажил амжилттай явагдаж байгааг салбарын сайд онцолж байна. Дотооддоо энэ ажлыг ирэх 2 дугаар сард багтаан дуусгаж, 3 дугаар сард Хөрөнгийн бирж рүүгээ материалаа өгөхөөр болсон гэдгийг албаныхан хэллээ.

Эрдэнэс Тавантолгой нэгж хувьцааны үнэ ханш өсөхөд экспортын төслүүд рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийж байгааг албаныхан хэлж байна. Үүний үр дүнд 1072 хувьцааны үнэ цэн болон ногдол ашиг өснө гэлээ.