IX/20-25-ны хооронд өдөрт бүртгэгдэх халдвар 3500-аас дээш гарна гэж эрдэмтэд тооцооллоо 

Ковид-19 /дотоод/

ЭМЯ: Дельта вирусийн том давлагаа үүссэн

Дельта вирусээр өвчилсөн хүмүүсийн 50-иас дээш хувьд халуурах, суулгах шинж тэмдэг илэрч байна.

Өнгөрсөн 3 болон 6-р саруудад ковид-19 халдварын томоохон давалгаа үүсч өдөрт бүртгэгдэх тохиолдол 2500-д хүрч хоногт 20 орчим иргэнээ алдаж байсан. Уг нь бол 7-р сард халдварын тархалт буурч нөхцөл байдал сайжирч байсан ч дэлхий нийтэд хүчтэй давлагаалж байгаа дельта хувилбар манай улсад эрчимтэй тархаж эхэллээ.

8-р сарын нэгнээс эхлээд халдварын тархалт тогтмол өсөлттэй явсаар сүүлийн өдрүүдэд 2000-ыг давсаар байна. Тэгвэл ирэх сарын дунд үеэс дельта вирусийн давалгаа оргил үедээ хүрч хоногт бүртгэгдэх халдвар 2500-3500-д хүрч түүнээс ч давах нөхцөл үүссэн гэж эрдэмтэд үзлээ.

Дельта хувилбараар өвдсөн хүнд толгой өвдөх, ядрах, сульдах, хамар битүүрэх нусгайрах, амт үнэр мэдэхгүй болох  зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрч байна. Гэхдээ вирусээр өвдсөн хүмүүсийн 50-иас дээш хувьд халуурах суулгах шинж тэмдэг хүчтэй ажиглагдаж өвчилсөн хүмүүсийн 35-аас дээш хувь хурдан хугацаанд хүндэрч байгааг хэллээ. Тиймээс шинэ давалгаа нэгэнт үүсч нөхцөл байдал амаргүй болох тул урлаг спортын наадам, хүн олноор цугласан газруудаар явахгүй байхыг онцгойлон сануулж байна.

Өнөөдрийн байдлаар 20 орчим аймагт тархаад байгаа дельта хувилбар аймаг бүрт 30-аас дээш хувьтай бүртгэгдэж байгааг хэллээ. Баян-Өлгий, Ховд аймгуудад халдварын нөхцөл байдал хүнд байсан бол  Дархан, Дорнод, Булган, Сэлэнгэ, Говь-Алтай, Увс аймгуудад халдварын тархалт хүндрэх эрсдэлтэй байгааг Эрүүл мэндийн яам анхаарууллаа.