Засгийн газар

Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгосон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлсэн "Улаанбаатар - Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцууд барих” төслийн барилга угсралтын ажлыг амжилттай дуусган, хүлээлгэн өгсөн байна. 

Монгол Улсад анх удаа хамгийн өндөр хүчин чадал бүхий 330кВ-ын Улаанбаатар - Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцууд ашиглалтад орсноор Оюутолгой, Цагаансуварга, Тавантолгой болон өмнийн бүсийн бусад уул уурхайн орд газруудыг дотоодын эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна. Түүнчлэн  импортын эрчим хүчинд зарцуулдаг валютийн урсгалыг багасгах, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжихээс гадна Тавантолгой цахилгаан станц ашиглалтад орсон нөхцөлд 2 талын эх үүсвэртэй систем хоорондыг холбосон чухал ач холбогдолтой агаарын шугам болж гэдгийг салбарын сайд онцоллоо.

БНХАУ байгуулагдсаны 70 жил, Монгол улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил зэрэг түүхт ой тохиож байгаа энэ онд уг төслийг амжилттай хэрэгжүүлсэн нь Монгол Улс, БНХАУ-ын хоорондын хамтын ажиллагаа, тухайлан эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны чухал үр дүн болж байгааг онцлон тэмдэглэж байсан. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эдгээр зангилаа дэд станцууд нь эрчим хүчний системийн ашиглалтын аюулгүй найдвартай, ухаалаг ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэлээ.

Энэхүү бүтээн байгуулалтыг Монгол Улсын Эрчим хүчний яамнаас  санаачилж, ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Ти Би И Эй” /TBEA/ компани, Төсөл хэрэгжүүлэх нэгж, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК хамтран ажиллажээ.