Улсын Их хурал

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ сарын 25-ны өдрийн 12:00 цагаас улс даяар мөрдөж эхлэнэ. Эцэг хуулиа хориод жилийн дараа шинэчлэн мөрдөхтэй холбоотой УИХ арав гаруй хуульд өөрчлөлт оруулж байгаа. Өнөөдөр Засгийн газрын тухай хуулийг УИХ-аар эцсийн хэлэлцүүлгийг хийн баталлаа. Ингэснээр Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх эрхтэй болохоос гадна дөрвөөс илүүгүй сайд УИХ гишүүн байж болохгүй болж байна. Мөн УИХ-аар Засгийн газрын гишүүний тангараг өргөн журмыг хэлэлцэн баталлаа.

Үндсэн хуулийн шинэчлэлээр гүйцэтгэх засаглалыг тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх хэд хэдэн чухал заалт туссан. Үүнтэй холбоотой Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм.

Өргөн баригдсан төслийн гол заалт нь Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлдэг болно. УИХ тогтоолыг батласан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж асуудлыг дэмжсэнд тооцно, тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцох зохицуулалт туссан. Ингэхдээ нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэхээр тусгаж Ерөнхий сайд огцорвол танхимаараа огцрох зохицуулалт орж байгаа юм.

Тэгвэл эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр Ерөнхий сайд итгэл үзүүлэх тогтоолыг зургаан сарын дотор дахин оруулахгүй байх зохицуулалт орууллаа.

Засгийн газрын тухай хууль ийнхүү батлагдсанаар Ерөнхий сайд засгийн газрын танхимаа өөрөө бүрдүүлэх эрхтэй болж байгаа.

Гэхдээ засгийн газрын дөрвөөс илүүгүй сайд Улсын их хурлын гишүүн байж болохгүй байхаар зохицуулсан.

Чуулганы хуралдаанаар Засгийн газрын тухай хуулиас гадна засгийн газрын гишүүний тангараг өргөн журмыг баталлаа.
Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг УИХ тогтоохоор хуульд тусгасан. Засгийн газрын тухай хууль батлагдсанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт бодитоор хэрэгжиж, засгийн газар тогтвортой ажиллах, гүйцэтгэх засаглалын эрх хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Хуулийн хэрэгжилт сонгуулийн дараа шинэ парламент байгуулагдаж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэсэн өдрөөс мөрдөгдөх юм.