Улсын Их хурал

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн суудал эзэнгүй байсан. Тэгвэл тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Төрийн банкны захирал Г.Дөлгөөнийг томилохоор санал болголоо. Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж дэмжсэн байна. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн томилгоог Улсын их хурал хийх юм.

Төв банкны зүгээс валютын ханш тогтвортой байлгахад онцгой анхаарч ажиллахаас гадна зээлийн хүүг бууруулах чиглэлд дорвитой арга хэмжээ авах хэрэгтэйг гишүүд онцоллоо. Дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас алтны үнэ эрс нэмэгдсэн. Дэлхийн зах зээл дээрх алтны ханш 2500 долларт хүрэх төлөвтэй байгааг судлаачид хэлж байгаа. Тэгвэл Төв банк алт тушаалтад онцгой анхаарч, засгийн газраас хэрэгжүүлэх алт 2 хөтөлбөрийг амжилттай явуулахад анхаарч ажиллах хэрэгтэйг тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдох гэж байгаа Г.Дөлгөөн болон бусад удирдлагуудад санууллаа.

УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ганбямба овогтой Дөлгөөнийг томилохыг дэмжлээ. Тэрээр 2018 оны эхнээс Төрийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан юм. Монголбанкны нягтлан бодогч, Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч мэргэжлээр ажиллаж банкны салбарт нийт найман жил ажилласан туршлагатай юм.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг томилсон. Улмаар дэд ерөнхийлөгчийн суудал эзгүй байсан тул Төрийн банкны захирал Г. Дөлгөөнийг томилохыг УИХ-ын эдийн засгийн байнгын хороо дэмжлээ. Уг асуудлыг хэлэлцэх үеэр Монгол банкнаас хийж хэрэгжүүлж байгаа ажил удаашралтай явж байгааг гишүүд хэллээ. Цар тахал дэлхий нийтээр тархаж эдийн засаг хүндэрсэн өнөөгийн нөхцөлд онцгой байдлаар ажиллах хэрэгтэйг хэлсэн юм.