Улсын Их хурал

2018 онд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 45.7 хувь нь бүрэн дунд боловсролтой, 17.5 хувь нь дээд боловсролтой иргэд байгаа юм. Эндээс залуучууд их, дээд, тусгай дунд сургууль төгсөж оюуны өндөр боловсрол эээмшиж байгаа боловч зан харилцаа, мөс чанар, ёс жудаг, хүмүүжил, хүндлэл, тэвчээр зэрэг хүний зан үйлийн сайн чанаруудыг эзэмшихэд чиглэсэн сургалт, боловсрол олгох үйл ажиллагаа хангалтгүй байгаагаас гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдал их байна гэх дүгнэлт гарч байгаа юм.

Иймд энэ байдлыг арилгах, иргэдийн хүнлэг чанар, дотоод сэтгэлийн боловсрол, төлөвшлийг сайжруулах зорилгын үүднээс Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл нь 5 бүлэг, 99 зүйлтэй байх юм.

Хувь хүний суурь зан чанарууд болох хүнлэг, хүндэтгэлтэй, шударга, хариуцлагатай байх байдал алдагдахаар мөс чанаргүй хүмүүс олширч, хүчирхийлэл ихэсдэг. Энэ байдлыг таслан зогсоохын тулд төрөөс иргэдийн хүмүүнлэг боловсролыг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг системтэй, тасралтгүй зохион байгуулах шаардлагатай байгаа юм. Монголчуудын оюун санааны хүрээнд соён гэгээрүүлэх асуудал үндсэндээ орхигдсон учраас энэ асуудлыг төрийн бодлого болгон бүх шатны сургалтын хөтөлбөрт хуульчлан тусгах шаардлагатай байна гэж хууль санаачлагчид үзжээ.

Хууль хэрэгжсэнээр хүн хүнээ хайрлах, хүндэтгэх, эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах зан чанар төлөвшиж, бие бялдрын хөгжилтэй, хөдөлмөр эрхлэх чадвартай иргэдийн тоо нэмэгдэх, гэмт хэрэг, зөрчлийн улмаас үүсч буй хохирол багасах, иргэдийн нийгмийн хариуцлага сайжрах зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг олон үр дагавар гарна гэдгийг онцоллоо.