Улсын Их хурал

Үдээс хойш Улсын их хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Онцгой үед хөл хорио тогтоохоос эхлээд зарим эрх зүйн орчин учир дутагдалтай байгаа учраас энэ хуулийг санаачилсан. Ковид-19 тахал намжих хүртэл хүчин төгөлдөр байхаар зохицуулаад байна. Хуулиар удахгүй болох сонгуулийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, урьдчилан сэргийлэх бэлтгэлийн талаар гишүүд асуулаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага цар тахал намжиж, эрсдэл дууссан гэж зарлах хүртэл хүчин төгөлдөр мөрдөх богино хугацааны хуулийг УИХ хэлэлцэж байна. Цар тахлын эсрэг хуулийг дагалдуулж Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар торгууль шийтгэлийн арга хэмжээг нэмэгдүүлж байгаа. Тодруулбал, цар тахлын үед 4 ба түүнээс дээш хүн нэг дор цуглах, арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Үүнээс гадна тахлын үеийн дэглэм, дүрэм журам зөрчиж санаатайгаар өвчин тараах нөхцөл бүрдүүлсэн иргэн Эрүүгийн хуулиар 27-140 сая төгрөгийн торгууль хүлээж, 3 сараас 3 жил хүртэл хорих ялаар шийтгүүлэхээр тусгасан. Тэгвэл УИХ-ын ээлжит сонгуулийг хэрхэн зохион байгуулах, 6-р сарын 2-ноос нэр дэвшигчид хэрхэн сонгогчидтой уулзах, сурталчилгаа хийх асуудал эргэлзээтэй болж байгаа.

Цар тахлын эсрэг хуулийн үйлчлэлд Сонгуулийн тухай хууль хамаарахгүй байхаар тусгасан.

Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг мөрдөж эхлэхээс өмнө Сонгуулийн хуулиа өөрчлөх нь зүйтэй гэх саналыг гишүүд гаргаж байлаа. Харин ажлын хэсгийн зүгээс Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагагүй гэж үзсэн байна. Тодруулбал, сонгуулийн үеэр мөрдөх дүрэм журмыг Улсын онцгой комисс цаг тухай бүрт нь гаргаж байхаар зохицуулалтыг хийж байгаа гэнэ.

УИХ-ын найм дахь удаагийн сонгууль зохион байгуулагдах үеэр цар тахлын эрсдэл намжихгүй гэдэг нь өнөөгийн нөхцөл байдлаас ажиглагдаж байгаа.

Тиймээс цар тахлын хуулиар олон нийтийн цугларлыг хатуу хориглож байгаа ч сонгуулийг хэрхэн зохион байгуулах асуудлыг журмаар зохицуулж, журмыг онцгой комисс боловсруулж байхаар ийнхүү тусгаж байна.

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүдийн олонхи хуулийн төслийг дэмжиж нэгдсэн чуулганд танилцуулахаар боллоо.