Улсын Их хурал

Малчид ноолуураа ид самнаж байна. Дэлхийн ноолуурын 40 гаруй хувийг дангаараа хангадаг манай улс энэ жил нэмүү өртөг шингээж, бүтээгдэхүүн болгох зорилгыг өвөрлөж байгаа. Харин цар тахлын үед ноолуурын ханшийг унагаахгүйн тулд 300 тэрбум төгрөгийг зээлийг компаниудад олгосон. Энэ мөнгө ноолуурын ердөө 30 хувийг худалдан авах боломжийг бүрдүүлж байгаа юм. Үлдсэн 70 хувийг өндөр үнээр авахын тулд гадны хөрөнгө оруулагч хайх шаардлагатайг салбарын сайд хэллээ.

Манай улсын ноолуурын борлуулалтын 70-80 хувь нь Хятад улсын зах зээлээс хамааралтай. Гэвч цар тахлын дэгдэлтээс үүдэн хилээ хаасан өнөөгийн нөхцөлд малчдаас авах ноолуурын үнийг бууруулахгүй байх, ноолуур бэлтгэх компаниудыг дэмжих чиглэлд засгийн газар бодлого боловсруулсан. Гэхдээ хөгжлийн банкнаас гаргаж байгаа 3 хувийн хүүтэй 300 тэрбумын зээл нь улсын нийт ноолуурын 30 хувийг буюу 3000 тонныг л санхүүжүүлж байна. Тэгэхээр үлдсэн 70 хувийг хэрхэн борлуулах, малчдаас авах ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй байх асуудал тулгамдаад байгаа юм.

Ноолуурын салбарт нийт 500 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэж үзэж байгаа. Үүнээс засгийн газрын өнөөгийн боломж Хөгжлийн банкаар дамжуулан гаргах 300 тэрбум бол ноолуурын салбар 60 орчим тэрбумыг гаргах боломжтойг салбарын сайд онцоллоо. Харин үлдэж байгаа 70 хувийг борлуулахад анхаарч байгаа ч эхний ээлжинд 200 гаруй тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Тиймээс үндсэн ноолуураа борлуулах олон янзын эх үүсвэрийг судлаж хөрөнгө оруулалт хайж байгааг салбарын сайд учирлалаа. Гишүүдийн зүгээс аймгуудын ноолуурын үнийг харьцангуй тогтоосон асуудлыг шүүмжилж байсан юм.

Ийнхүү ноолуурын салбарыг дэмжих чиглэлд цаашид хэрхэх, ямар байдлаар үлдсэн ноолуурыг борлуулах асуудалд судалгаа хийх ажлын хэсэг УИХ-аас байгууллаа. Тус ажлын хэсэгт бүс бүсийн төлөөлөл, ноос ноолуурын холбооны удирдлага, Төв банк, Сангийн яамны төлөөллүүд багтсан байна.