Малчдад зориулсан сургалтын видео бичлэг, ноосны машиныг хүлээн авлаа

Нийгэм

"Цагаан алт" төсөл нь малын гаралтай түүхий эдийг үнэ цэнэтэй болгож, малчдын амьжиргааг дээшлүүлэх, ажилгүйдлыг бууруулах зорилготой.

Тус төслийн хүрээнд Америкийн Хөгжлийн Агентлагийн (USAID) санхүүжилттэй World Learning ТББ-аас зохион байгуулдаг "LEAD" /манлайлагч залуус бэлтгэх/ хөтөлбөрт оролцогч залуусын "Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах" зорилготой баг малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэх чиглэлээр аян өрнүүлсэн. Шинэ Зеланд, Австрали улсын жишгээр Монгол малчин өрхүүд гарын дор буй шавхагдашгүй нөөц болох малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэх боломжийг олон нийтэд таниулж, хонины ноосыг хэрхэн цахилгаан машинаар хяргаж, ангилж цэвэрхэн савласнаар үнэ цэнийг нь нэмэгдүүлэх, цаашлаад дэлхийн том брэндүүдийг чанартай, органик ноосон түүхий эдээр хангаж болохыг сурталчлах, малчдыг уриалан дуудахад чиглэсэн ажлыг зохион байгуулсан байна.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын арван малчин өрхөд биет сургалт хийж, ноосны машинаар хангаж, ноосыг цахилгаан машинаар хяргах тухай контент бэлтгэн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олны хүртээл болгожээ. Цагаан алт төслийн хүрээнд малчдад зориулсан сургалт бүхий 330 ширхэг CD болон 21 ширхэг ноосны машиныг албаныхан хүлээн авчээ.