Улсын Их хурал

Ирэх оны улсын төсөвт 1.3 их наяд төгрөгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс авахаар тусгасан. Гэсэн хэдий ч Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэртэй холбоотойгоор төсвийн орлого энэ хэмжээгээр дутахад хүрснийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолсон. Ирэх оны улсын төсөв хэлэлцэж байгаа энэ цаг үед төсвөөс урьтаж АМНАТ-ын асуудлыг шийдэх ёстой ч МАН-ын бүлгийн завсарлага дуусаагүй учраас цааш хэлэлцэх эсэх нь бүрхэг болжээ.

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд буюу 912 мянган хүүхдэд олгож жилд 205.1 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм.

Харин УИХ-аар тогтоолын төслийг нэмж баталснаар нийт хүүхдийн 85-90 хувьд олгохоор болж 13-36 тэрбум төгрөг нэмж төсөвт тусгахаар боллоо. Үүний дараа ирэх оны улсын нэгдсэн төсвийг хэлэлцэн баталлаа. Харин сангийн сайдын зүгээс АМНАТ авах асуудлыг нэг талд гаргаагүй байж төсөв батлаж болохгүйг сануулж байсан юм.

АМНАТ авах асуудал дээр засгийн газар нэгдсэн байр суурьтай байгааг тэрээр онцолсон ч МАН-ын бүлэг уг асуудалд авсан завсарлагаа албан ёсоор дуусгах хүсэлт илгээгээгүй тул хэлэлцэх боломжгүй гэсэн юм. Улмаар ирэх оны төсвийн орлогыг 11.8 их наяд төгрөг байхаар тооцсон ч 1.3 их наяд төгрөгийг хэрхэх асуудал эргэлзээтэй үлдлээ. Төсөв батлахтай холбоотой гишүүд дараах зүйлсийг тодруулж байсан юм.

Ирэх онд мэргэжлийн боловсрол сургалтын төвд суралцагчдын тэтгэлгийг 2 дахин нэмэгдүүлж 200.0 мянган төгрөгт хүргэх; цэцэрлэгийн хүүхдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөр болон дотуур байрын хоолны зардлыг тус тус 50 хувиар нэмэгдүүлэх; Хөнгөлөлттэй нөхцлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийг нэмэгдүүлэх; Хүүхдээ асарч байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх үүргийг хөнгөлөх; Ахмадуудын тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авах юм.