Ерөнхийлөгч

Он солигдох торгон мөчид Төрийн тэргүүн ард түмэндээ хандан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлдэг. Харин энэ жилийн тухайд төрийн тэргүүний шинэ жилийн мэндчилгээ олон хүний анхаарлыг татлаа. Асгатын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулж, эхний ээлжийн үр шимийг нь ахмад буурлуудынхаа тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлөхөд ашиглана гэдгээ зарлалаа. Энэ шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс санал нэгтэйгээр гаргасан гэдгийг төрийн тэргүүн онцлон хэлсэн юм.

2016 онд тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг жилийн 18 хувь байсныг бууруулах бодлогыг ХНХЯ үе шаттайгаар хэрэгжүүлсэн байна. Тэтгэвэр барьцаалсан нэг жилийн хугацаат зээлийн хүүг 2016 онд 3 хувиар, 2018 онд 3 хувиар, 2019 онд 2 хувиар тус тус бууруулжээ. Харин урт хугацаат буюу 24 сар хүртэлх тэтгэвэр барьцаалсан зээлийн жилийн хүүг 2019 онд 15.6 хувь болгосон байна. Ийнхүү он солигдох мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг  ҮАБЗ-ийн шийдвэрээр нэг удаа тэглэх болсныг дуулгалаа.

2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 13 хувь болгож буулгахаар ХААН банк, Төрийн банкуудтай гэрээ хийсэн гэдгийг салбарын сайд хэлж байна. Өөрөөр хэлбэл 2016 онд тэтгэвэр барьцаалсан зээлийн жилийн хүү 18 хувь байсныг нэг жилийн хугацаат тэтгэврийн зээлийн хүү жилийн 10 хувь, урт хугацаат тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг жилийн 13 хувь болж буулгаад байгаа юм байна.