Ерөнхийлөгч

Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталсан түүхэн энэ өдөр бас нэгэн түүхэн үйл явдал давхацлаа. Энэ бол ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн уг эхийг баталгаажуулан гарын үсэг зурсан үйл явдал байлаа. Ингэснээр Г.Занданшатар даргатай Улсын их хурлын баталсан Үндсэн хуулийн өөрчлөлт бүрэн батлагдаж, хэрэгжихэд бэлэн болж байна. 95 жилийн тэртээ анхдугаар үндсэн хуулиа баталж байсан бол энэ цаг үед үндсэн хуулийн шинэ өөрчлөлтийг Монгол улс даган мөрдөхөөр болж байна.

Улсын их хурал 5 сарын турш хэлэлцэж баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч нотлон баталгаажууллаа. Уг эхийг баталгаажуулж, төрийн тамга дарах ёслол Есөн хөлт танхимд болсон юм. Энэхүү арга хэмжээнд  УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Улсын их хурлын гишүүд оролцлоо.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг  чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанаар 36 удаа хэлэлцсэн байдаг. Мөн улс төрийн нам, Төрийн болон төрийн бус байгууллагуудаас 600 гаруй, иргэдээс 300 мянга гаруй санал иржээ.  Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2020 оны 5-р сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн улс орон даяар даган мөрдөнө. Нэмэлт өөрчлөлтөд:

-       50 нас хүрсэн Монгол улсын иргэн Ерөнхийлөгчөөр нэг удаа зургаан жилийн хугацаатай сонгогдоно

-       Засгийн газрын дөрвөөс илүүгүй сайд УИХ-ын гишүүн байж болно

-       Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулсны дараа өөрөө томилж, эгүүлэн татна

-       Шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно

-       Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний тавыг ШЕЗ дотроосоо, бусад тавыг нээлттэй байдлаар томилно. ШЕЗ-ийн гишүүн дөрвөн жилийн хугацаатай нэг удаа томилогдон ажиллана.

-       Монгол Улсын хүн амын нэг хувьтай тэнцэх хэмжээний иргэдийн дэмжлэгтэйгээр улстөрийн нам байгуулна

-       Тусгаар тогтнол, нутаг дэвсгэр үгүйсгэсэн аливаа үйлдэл, бүх нийтийн санал асуулга явуулахыг хориглоно

-       Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна

-       Газрын хэвлий, ой, байгалийн баялаг, ан амьтан төрийн болон нийтийн өмч байна

-       УИХ, байнгын хорооны хуралдаан гишүүдийн олонхи бүрдсэн тохиолдолд эхэлж, санал хураалт явуулна

зэрэг өөрчлөлтүүд орсон юм.

 

ФЭЙСБҮҮК ШУУД