Эрх зүй

Хавдар судлалын үндэсний төвийн гарцан дээр баригдсан барилгыг өнөөдөр албадан буулгалаа. Эмнэлгийн удирдлагууд түргэний яаралтай машин орж гардаг гарц гэдгийг анхааруулсаар байтал зөвшөөрөлгүй барилга барьсан гэдгийг хэлж байна. Хүний амь нас минут секундээр хэмжигддэг учраас цаашид ч эмнэлэг рүү нэвтрэх хэд хэдэн гарц нээх шаардлагатай онцоллоо.

Хавдар судлалын үндэсний төвөөр өдөрт 1000 гаруй иргэн үйлчлүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг. Гэвч энэ эмнэлэг нь ганцхан орц, гарцтайн улмаас нэлээдгүй түгжрэл үүсч хүндрэл учирдаг байна. Тиймээс эмнэлгийнхээ зүүн талд өөрийн эзэмшлийн талбайдаа зам гаргах гэтэл "Намар кофе" гэх үйлчилгээний байгууллага газраа чөлөөлөхгүй гэж нилээдгүй маргаан дагуулаж байна.

Нийслэлийн засаг дарга өнгөрсөн сард Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт очиж ажиллах үеэрээ орц гарцыг нэмэгдүүлэх үүрэг чиглэлийг өгсөн. Үүний дагуу Нийслэлийн газрын алба шуурхай ажиллаж хойд урд хэсэгт гарцыг нээсэн. Гэтэл зүүн талын гарц нэмэгдүүлэх ажил удаашрах болжээ. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс засаг даргын захирамжийг түтгэлзүүлэн, гарц нээх ажлыг зогсоох шийдвэрийг гаргасан байна.

Эмнэлгийн удирдлагууд 2017 оноос эхлэн орц, гарцыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч буйгаа хотын удирдлагуудад мэдэгдэх болсон байна. Гэвч зөвшөөрөлгүйгээр газраа өргөтгөсөн ААН-д газраа чөлөөлөх хүсэлт удаа дараа хүргүүлсэн ч мэдэгдлийг биелүүлээгүй байна. Тиймээс зөвшөөрөлгүйгээр газраа өргөтгөсөн байгууллагыг албадан чөлөөлөхөөр болжээ.