Эрх зүй

Коронавируст халдвар тархаж эхлэх үеэс бид амны хаалт зүүж хэвшсэн. Ингэснээр олон ач тустай өөрчлөлтүүд гарсан буюу томуу, томуу төст өвчин 2-3 дахин буурсан гэдгийг ЭМЯ-наас мэдэгдсэн. Харин хөл хорио тогтоосноос хойш иргэд гэртээ архидан согтуурах, хүүхэд ахуйн хүрээнд гэмтэж бэртэх тохиолдол нэмэгджээ. 

Коронавируст халдвар эрчимтэй тархаж дэлхий даяар онц байдал зарласан энэ үед олон улс орны нийгэм, эдийн засаг нилээдгүй хямарч байгаа. Монголд ч ялгаагүй санхүүгийн хямрал, ажилгүйдэл үүссэн ч зарим нэг өвчлөл буурсан эерэг үзүүлэлт гарчээ. Үүнд амны хаалт зүүх, гараа тогтмол ариутгах, угаах, хөл хорио тогтоох зэрэг нь ихэд нөлөөлсөн гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. 

ГЭРТЭЭ БАЙГАА БАГА НАСНЫ ХҮҮХЭД ТҮЛЭГДЭХ ТОХИОЛДОЛ ИХЭСЧЭЭ

Олон төрлийн өвчлөл буурахад иргэдийн хариуцлагаас гадна нийслэлийн зүгээс зохион байгуулж буй аритгал халдваргүйтгэл, нийтийн тээврийн арчилгаа цэвэрлэгээ сайжирсан нь нөлөөлжээ. Харин хөл хорио удаан хугацаагаар тогтоосон нь иргэдийг ахуйн хүрээнд архидах хандлагыг нэмэгдүүлсэн байна. Мөн сургууль цэцэрлэг хичээллэхээ больсноор гэртээ байгаа хүүхдүүд халуун усанд түлэгдэх, бэртэж гэмтэх нь ихэссэн гэдгийг ГССҮТ-өөс мэдээллээ.

Хорио цээрийн дэглэм 4 сарын 30 хүртэл үргэлжилнэ. Тиймээс энэ хугацаанд иргэдийг анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сааруулахгүй байхыг ГССҮТ-өөс анхааруулж байна.