Эрх зүй

Сүүлийн үед олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явах, танхайрах, хүний биед халдах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх зөрчлүүд ихэсчээ.   

Сүүлийн үед нэр нөлөө бүхий албан тушаалтан, олны танил эрхмүүдээс эхлээд хүний биед хохирол учруулах, танхайрах, мансууруулах бодис хэрэглэх, олон нийтийн газар зүй бус авирлах нь ихэссэн. Энэ оны 1-р улирлын байдлаар гэхэд л гэмт хэргийн улмаас 210 хүн амиа алдаж,  5,060 хүн эрүүл мэндээрээ хохирчээ.

МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС ХЭРЭГЛЭХ ГЭМТ ХЭРЭГ НЭМЭГДЭЖ БАЙНА 

Үүнээс гадна сүүлийн үед нэмэгдэж байгаа нэг төрлийн гэмт хэрэг нь мансууруулах эм сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэх болоод байна. Энэ оны эхний 3 сарын байдлаар мансууруулах эм сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан 55 гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.  Мөн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон хорих ял авалгүй тэнссэн, хугацаанаасаа өмнө суллагдсан этгээдүүдэд хяналт тавихад 178 хүний 28 нь тухайн бодисийг дахин хэрэглэсэн байжээ.

Энэ оны нэгдүгээр улиралд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагууд зөрчлийн талаарх 452,077 гомдол, санал иржээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 13.5 хувиар буюу 60,441-ээр өссөн үзүүлэлт юм. Зөрчлийн хэргийн улмаас 448,368,882 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүний 85.7 хувь нь хүнд, 9.3 хувь нь хуулийн этгээдэд, 5 хувь нь төрийн байгууллагад учирсан хохирол байна.