Эрх зүй

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Мөнхбаясах кэйсинг мах боловсруулах үйлдвэрийн өлөн чанах зориулттай тогоонд гурван хүн унасан осол гараад байна. Иргэдэд яаралтай тусламж хүргэж чадснаар амь насыг нь авран хамгаалжээ. Осолдсон иргэд хордлогын төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм. Амь насанд нь аюулгүй болсон ч эмчилгээ үргэлжлүүлэн хийх шаардлагатайг эмч нар хэллээ.

Энэ сарын 13-ны өдөр СХД-ийн 32 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мөнхбаясах Кэйсинг” компанийн Өлөн боловсруулах үйлдвэрийн тогоонд тус үйлдвэрийн гурван ажилтан унажээ. Хордлогын яаралтай түргэн тусламжийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал хүндэвтэр байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Тухайн хэргийг хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

Осол гарах үед өлөн боловсруулах тогоо цэвэрлэж байсан ажилтан СХД-ийн харьяат 44 настай Б, БНХАУ-ын иргэн 36 настай Ш, 34 настай Л нар унажээ. Аюулгүй ажиллагааны дүрэм мөрдөөгүйгээс осол гарсан байж болзошгүйг зарим албаны эх сурвалж мэдээлж байна. Үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгжүүдийг хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллахыг НОБГ-аас анхааруулж байна.